Шууд Chart

“Чингис Хаан” нисэх онгоцны буудлын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа

2025-07-21 17:34:10

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

“Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон. Энэхүү нисэх онгоцны буудал нь  үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж,  2 сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм.

Мөн 2025 оны тооцооллоор 2.5 сая зорчигч хүлээн авна гэсэн тооцоолол буй. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор  2 сая дахь иргэнээ хүлээн авч байгаа  нь зорчигчдын урсгал жил бүр өсөн нэмэгдэж байгааг харж болно.  Тиймээс Монгол Улсад агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” буудал ачаалал ихтэй ажиллаж байгаагаас үүдэн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд иенийн хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү зээлийг нэн тэргүүнд Монгол Японы хамтран хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэснийг Элчин сайд ноён Игавахара Масарү хэлж буй.

Иймд тус нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, дэд бүтцийн өргөтгөх, энэ хүрээнд хийж буй судалгаануудыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг аль болох эрт эхлүүлэх шаардлагатай байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцолж байлаа.

Мөн ТЭЗҮ судалгааг Монгол Улсын хөгжил, хүн амын тооцоолол, нийслэлийн  түгжрэл зэрэг олон талын онцлог байдалтай нь уялдуулан 10-20 жилээр буюу 2050 он хүртэлх хугацаагаар төлөвлөх, аялал жуулчлал хөгжих хэрээр олон улсаас Улаанбаатар, орон нутаг руу чиглэх зорчигч, тээврийн урсгал улам нэмэгдэх хэтийн төлөвийг судалгааны ажил, нисэх буудлын өргөтгөлийн ажилд тусгаж ажиллахыг хүслээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү энэхүү төслийн ажилд хоёр талын саналыг нэгтгэж, барилгын ажлыг эрт эхэлж, ашиглалтыг мөн төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд Б.Дэлгэрсайхан,  Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав нар оролцлоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


“Чингис Хаан” нисэх онгоцны буудлын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй