Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий ассамблей Израил-Хамасын дайны асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулна

2023-10-25 11:22:13

Израил-Хамасын дайнд Израилын тал агаарын цохилтоо өргөжүүлснээс Палестины энгийн иргэдийн хохирол нэмэгдсээр байна.  Дайныг өргөжүүлэхгүйн төлөөх олон улсын дипломат ажиллагаа явж байгаа ч Израил Газын Зурваст Хамасыг үндсээр нь устгах зорилгоор хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж, Газын Зурвасын иргэдийг өмнөд бүс рүү нүүн шилжихийг дахин шаардсаар байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей энэхүү дайны эсрэг авах хариу арга хэмжээг хэлэлцэхээр энэ пүрэв гарагт ээлжит бус чуулган хуралдуулахаар боллоо. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн 7 хоногт шуурхай хуралдаан хийсэн ч тогтоол баталж чадаагүй. Иймээс Йордан болон Арабын бусад улсуудын хүсэлтээр Ерөнхий Ассамблейг ээлжит бусаар хуралдуулахаар болжээ.

НҮБ-ын ерөнхий ассамблей хамгийн сүүлд өнгөрсөн онд Орос Украинд дайн эхлүүлсний дараа ээлжит бус чуулган хуралдуулж байсан. Харин Палестины нөхцөл байдлын талаар сүүлийн таван жилд анх удаа ээлжит бусаар хуралдах нь. Дэлхий дахины аюулгүй байдал, энх тайван байдлыг хангаж, хамгаалах үүрэгтэй Аюулгүйн зөвлөлийн 12 гишүүн нь уг тогтоолыг дэмжсэн ч байнгын гишүүн АНУ Израилын өөрийгөө хамгаалах эрхийн талаар тусгаагүй байна гэсэн үндэслэлээр тогтоолд хориг тавьсан. НҮБ-ын гишүүн 193 улсын аль нь ч Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулганд оролцох боломжтой. Олон улс орон байр сууриа илэрхийлэх төлөвтэй байгаагаас Арабын улсууд Газын зурваст хуурай замын дайны ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа Израилын эсрэг шахалт үзүүлэх бололтой байгаа. Катарын Эмир Газын Зурваст дайны байдал өргөжих нь  бүс нутаг болоод дэлхий нийтэд аюултай. Иймээс Израилд Палестинчуудын амийг үг дуугүй хөнөөх эрхийг ногоон гэрлээр өгч болохгүй гэж мэдэгдэж байна.

Одоогоор Израил Газын Зурваст зөвхөн агаарын цохилт өгч байна. Агаарын цохилтын хүрээг өмнөд бүс рүү тэлснээр өчигдөр гэхэд Палестины 140 гаруй  энгийн иргэн амь үрэгдсэн байна. Дайны туршид Газын Зурваст амь үрэгдсэн Палестин хүний тоо 5087-д хүрсэн байна. НҮБ Газын зурвас руу оруулж байгаа хүмүүнлэгийн тусламж тэр дундаа эмнэлгийн тусламжийг саадгүй, таслахгүй оруулахыг уриалж байна. Одоогоор Газа руу хүмүүнлэгийн тусламжийг тасралтгүй оруулах зорилготой хэлэлцээ АНУ, Израил, Египет, НҮБ гэсэн дөрвөн талын дунд болж байна. Газа хотын нийт 24 эмнэлгийн 8 нь агаарын цохилтод өртсөн, түлш эрчим хүч, эм хангамжийн дутагдлаас болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

Хамас бүлэглэл өчигдөр дахиад барьцааны хоёр хүнийг хүмүүнлэгийн үүднээс гэсэн тайлбартайгаар сулласан байна. Израилын тооцоолж байгаагаар Хамасын барьцаанд 220 орчим хүн байгаа юм байна. Америк барьцаанаас илүү олон хүнийг суллуулахын тулд Израилыг хуурай замаар дайны ажиллагаа явуулахаа түр азнахыг шахсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэхдээ Байден Хамас барьцааны хүмүүсийг сулласны дараа гал зогсоох талаар хэлэлцээ хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна.

Мөн цагаан ордон Израилын Хамастай хийж байгаа дайныг дэмжих зорилгоор Ойрх Дорнодод цэргийн хүчин чадлаа зузаатгаж байгаа гэсэн тайлбар хийжээ. Харин Америкийн стратегийн зэвсэг, цэрэг Ойрх Дорнодод нэмж ирж байгаад Иран улс ихээхэн дургүйцэж, Америкийн энэ үйлдэл Израил Хамасын дайныг өргөжүүлэх эрсдэлтэйг анхааруулсаар байна.  Францын ерөнхийлөгч Израилтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэх зорилгоор Тел Авивд буужээ.

Тэрээр Палестинд мөн очих юм байна. Макрон дайныг бүс нутагт тараахгүй, барьцааны хүмүүсийг бүгдийг суллах, Израилд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх, хоёр тусдаа улс байх шийдлийг урагшлуулах гэсэн дөрвөн саналтай очсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей Израил-Хамасын дайны асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулна  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй