
Израилын агаарын хүч Газын зурвасыг тасралтгүй бөмбөгдөж, Палестины нутаг руу хуурай замын цэргээ оруулахаар бэлэн байдалд байгаа түгшүүрт энэ үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дайны талаар зөвлөлдөхөөр ээлжит бус чуулган хийж байна. Чуулганы үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш байлдагч талуудыг олон улсын хүмүүнлэгийн хэм хэмжээг хүндлэхийг шаардсан байна. Тэгвэл чуулганы дараах хэвлэлийн бага хурлын үеэр Израилын НҮБ дахь суурин төлөөлөгч ерөнхий нарийн бичгийн даргыг огцрохыг шаардсан мэдэгдэл гаргалаа.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн чуулганд гишүүн орнуудын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцож, улсынхаа байр суурийг илэрхийлсэн байна. Хурлын үеэр ЕНБД Антонио Гуттереш барьцаанд байгаа хүмүүсийн талаар хөндөж, Хамас бүлэглэл ямар ч нөхцөлгүйгээр бүгдийг нь суллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ өдөр бүр гэм зэмгүй Палестины иргэд амиа алдаж, Хамас бүлэглэлийн өмнөөс ард түмнээрээ шийтгүүлж байгаа явдлыг зөвтгөх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.
Антонио Гуттереш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Хамас бүлгийн 10-р сарын 7-нд үйлдсэн халдлагыг зөвтгөх ямар ч арга байхгүй. Гэхдээ Хамас бүлгийн дайралт оргүй хоосноос гараад ирсэн зүйл биш гэдгийг ойлгох нь чухал. Палестины ард иргэд 56 жилийн турш тогтворгүй нөхцөлд амьдарч байна. Газар нутгаа бага багаар залгиулж, хүчирхийллийн голомт болж байгааг өдөр бүр харж байгаа. Эдийн засгийн хувьд бүрэн хумигдсан байна. Хүмүүс орон гэрээсээ дайжиж байна. Улс төрийн хэмжээнд асуудлыг нь шийдэж өгнө гэсэн ард иргэдийн итгэл унтарч байна. Гэхдээ тэдний зовлон Хамас бүлгийн үйлдлийг зөвтгөх зүйл биш. Эсрэгээрээ мөн Хамас бүлгийн дайралт Палестины ард иргэд өдөр бүр бөмбөгдүүлж, үй олноороо амь насаа алдаж зовох шалтгаан болох ёсгүй” гэж ярилаа.
Аюулгүйн зөвлөлийн чуулганд оролцож байгаа Израилын гадаад хэргийн сайд НҮБ-ын гал зогсоох уриалгыг эсэргүүцэж, Израил улс Хамасыг устгатлаа галаа зогсоохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Мөн энэ дайн бол зөвхөн Израилын эрх ашгийн төлөөх дайн биш, дэлхийн энх тайвны төлөөх дайн гэж тодорхойллоо. Чуулганы дараа хэвлэлийн бага хурал дээр харин НҮБ дахь Израил улсын суурин төлөөлөгч Гилад Эрдан ерөнхий нарийн бичгийн даргын байр суурийг буруушааж, огцрохыг шаардлаа.
Гилад Эрдан Израил улсын НҮБ дахь байнгын төлөөлөгч “НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга яагаад өнөөдөр энэ байгууллага дотор Израилын ард түмний хохирлыг бодолцож үзэхгүй байгаа юм бэ? Энэ байгууллага хүн төрөлхтөнд зэрлэг балмад хэрэг явдал гарахаас сэргийлэх ёстой байгууллага байхад яагаад тэр зэрлэг балмад хэргүүдийг өөгшүүлсээр байна вэ? Бид түүнийг Израилын ард түмнээс уучлал гуйхыг шаардаж байна. Хэрвээ тэр уучлал гуйхгүй бол энэ байгууллагад ажиллах эрх байхгүй” хэмээн онцоллоо.
Хэвлэлийн бага хурал дээр үргэлжлүүлэн Арабын Холбооны орнуудын төлөөлөл гарч ирж, Арабын орнууд нэгдсэн нэг дуугаар дайны харгислал, хүчирхийллийг дэмжихгүй, талууд нэн даруй гал зогсоохыг шаардаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Мөн Газын зурвасын бүслэлтийг зогсоож, энхийг сахиулах ажиллагаа явуулах нэн шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Энэ дайныг шийдвэрлэхийн тулд нэг газарт хоёр улс гэсэн тогтолцоог дэмжиж, НҮБ-ын зүгээс үүрэг хариуцлагынхаа хүрээнд хоёр улсын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж мэдэгдсэн байна.
Израилын төлөөлөгч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг огцрохыг шаардав | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.