
БНХАУ Батлан хамгаалахын сайд Ли Шан Фуг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар Хятадын төв хэвлэлүүд Мягмар гарагт мэдээлсэн байна. Ли Шан Фу хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарснаасаа хойш 2 сарын турш хэл чимээгүй байгаа тухай олон улсын хэвлэлүүд онцолж байсан юм. Мөн тэрээр энэ он гарсаар хэл чимээгүй болсон Хятадын хоёр дахь улс төрийн албан тушаалтан болж байгаа юм. Үүнээс өмнө Гадаад хэргийн сайд Чин Ган мөн сар гаруйн хугацаанд сураггүй байсны эцэст түүнийг хуучин Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж байсан Ван И-гээр сольж байгаагаа Хятад улс мэдэгдэж байсан юм. Ли Шан Фугийн хувьд АНУ-ын хориг арга хэмжээнд орсон гэдгээр нь хэвлэлүүд өнгөрсөн хугацаанд онцлон мэдээлж байсан.
Түүнийг ОХУ-тай хууль бус зэвсгийн наймаа явуулах ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэдэг үндэслэлээр АНУ-д нэвтрэхийг нь хориглосон байсан юм. БНХАУ-ын хувьд АНУ-ыг Тайванд зэвсэг нийлүүлж байгааг нь эсэргүүцэж цэрэг батлан хамгаалах салбарын харилцаагаа тасалсан байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Ли Шан Фуд тавьсан хориг арга хэмжээгээ эгүүлэн татахыг хүссээр байсан юм. Тэгвэл энэ удаад ийнхүү Ли Шан Фуг албан тушаалаас нь чөлөөлж байна. Хятадын CCTV агентлагийн мэдээлж байгаагаар Ли Шан Фу болон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн экс гадаад хэргийн сайд Чин Ган нарын аль алиныг Хятадын Төрийн Зөвлөлөөс мөн огцруулсан байна. Тэдний улс төрийн карьер үүгээр дуусгавар болж байгаа ч өөр бусад хэргээр хуулийн хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Тэднээс гадна хэд хэдэн шинэ сайд нар томилогдож байгааг CCTV мэдээллээ.
Хятадын Сангийн сайдаар Шанси мужийн захирагч, Коммунист намын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан Лань Фо Ань томилогдсон бол шинжлэх ухаан, технологийн сайдаар Хятадын шинжлэх ухааны академийн орлогч захирал Еин Хэ Жүн томилогдсон байна. Хятадын улс төрийн болон хуулийн тогтолцоо маш нууцлагдмал байдаг. Дотооддоо ямар асуудал шийдэл өрнөж байдгийг олон улс төдийлөн мэдэх боломжгүй байдаг. Хэнийг ямар шалтгаанаар халж, сольдог нь ил болдоггүй онцлогтой. Өнгөрсөн жил аж үйлдвэрийн сайд асан Сяо Яа Чин мөн олны өмнө гаралгүй нэг сар сураггүй алга болсны дараа түүнийг авлигын хэргээр шалгаж байгааг мэдээлсэн байна.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг албан тушаалаас нь чөлөөлжээ | ||
Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.