Шууд Chart

Япон улс ажиллах хүчний хомсдолд орж байна

2023-10-25 16:15:06

Япон улсын хүн амын наслалтын тоо жил ирэх тусам нэмэгдэж, төрөлт багасаж байгаа нь улсын эдийн засагт, тодруулбал хөдөлмөрийн зах зээлд хурцаар нөлөөлж байна. Нэн ялангуяа аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах хүч эрс багассанаас эдгээр салбарынхан бүтээмжээ нэмэгдүүлэх, цаашлаад орлого зарлагаа тэнцүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч эхэлсэн байна.

Ажиллах хүчний хомсдолд хамгийн их өртөж байгаа салбар бол тээвэр, зорчих үйлчилгээний салбар байна гэдгийг Японы статистикийн хороо гаргаж байна. Жишээлэхэд, галт тэргэнд ажиллах хүн дутмаг байгаагаас Японы хөдөө орон нутаг чиглэлтэй төмөр замын сүлжээний галт тэрэгнүүд бидний проводник гэж хэлж заншсан үйлчилгээний ажилтангүйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Шигокү арлын 23 галт тэрэгний сүлжээ компани ирэх он гэхэд ямар ч үйлчилгээний ажилтангүй болох төлөвтэй байна гэж мэдээлсэн байна.  Түүнээс гадна хүн амын наслалт нэмэгдэж байгаагаас эдгээр галт тэрэгний компаниуд дахь нийт зорчигчийн тоо улам буурч байгааг дурдсан байна.

Галт тэрэгний ажилтнууд цөөрч байгаа нь зорчигчдын тоонд нөлөөлөхгүй байх үүднээс эдгээр компани зорчигчид ээлтэй үйлчилгээний цахим хэрэгслүүд, тасалбараа өөрөө захиалаад, өөрөө бүртгүүлэх боломжтой аппликейшнүүдийг хөгжүүлж эхлээд байгаа юм байна. Галт тэрэгний үйлчилгээнээс гадна нийтийн тээврийн автобусны жолоочийн хомсдол нүүрлээд байгаа. Японы хойд нутгийн Хокайдо мужаас эхлээд Саппоро хот хүртэл автобусны жолоочийн дутагдалтай байна. Үүний улмаас Хокаидогийн Чүо автобус үйлчилгээний төв хотын төвийг хотын захтай холбодог байсан 12 автобусны чиглэлийг ирэх 12-р сарын 1-ээс эхэлж богиносгож байгаагаа мэдэгдсэн байна. Тодруулбал, жолоочдын 7 хоногийн ажиллах хугацааны дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний замыг танаж, маршрутаа богиносгож байгаа юм байна. Автобусны чиглэлүүд богиноссоноор хотын захаас хүн амын төвлөрөл ихтэй хотын төв хүртэл явдаг байсан автобуснууд хотын захаас метроны буудал хүртэл явдаг болох юм байна. Саппоро хотын удирдлагын хэлж байгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд автобусны жолоочийн тоо 15 хувиар хорогдсон. Одоо ажиллаж байгаа жолоочдын 60 гаруй хувь нь 50-60 насны хүмүүс байдаг гэсэн судалгаа байна. Нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна өөр олон салбарт ажиллах хүчний дутагдал үүсээд байгаа.

Токио хотод ажилтангүй тул хаалгаа түр барьсан хоолны газруудын тоо олширч байна. Барилгын салбарын ажиллах хүч сүүлийн 25 жилд 30 хувь буурсан үзүүлэлттэй байна. Хүн хүчгүй тул барилгын ажил илүү удаан хугацаанд үргэлжилж, илүү их өртгөөр босож байна гэдгийг мөн дурдсан юм. Нэг барилгын төсөл хөтөлбөр л гэхэд 8 жилийн турш үргэлжилж, 240 тэрбум иен буюу 1 тэрбум гаруй америк долларын нэмэгдсэн өртгөөр босож байна гэсэн тооцоо байна. Дижитал технологийн салбарт ажиллах хүний тоо мөн цөөрч байна. 2030 он гэхэд энэ салбарт 790 мянга орчим хүний дутагдалд орно гэсэн тооцоолол байна. Гэтэл жил ирэх тусам технологийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нэмэгдсээр байгаа. Ирээдүйд ажиллах хүчний дутагдал яаж өсөж, улсын эдийн засагт яаж нөлөөлөхийг таашгүй гэж шинжээчид анхааруулсаар байна. 2070 он гэхэд Японы хүн ам 125 саяас 87 сая болж буурах төлөвтэй байна гэж хүн амзүйн шинжээчид тооцоолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс ажиллах хүчний хомсдолд орж байна  
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй