Шууд Chart

Европын холбоо БНХАУ-ын нийлүүлдэг салхин станцын эд ангиудыг шалгана

2023-10-25 16:26:06

Европын Холбоо 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 50 шахам хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авдаг болно гэсэн томоохон зорилго тавиад байгаа. Тэр дундаа салхины эрчим хүчний салбараа эрчимтэй хөгжүүлж ирсэн. Эргэж сэргээгдэхгүй газрын хэвлийгээс олборлодог түлшин дээр суурилсан эрчим хүчний хангамжийн хямралд ороод байгаа Европын Холбоо сэргээгдэх салхин эрчим хүчээрээ дэлхийд тэргүүлэх зорилготой ч Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад энэ байраа алдаж байгаа талаар Европын Холбооны эрчим хүчний зохицуулагчид тайлбарлаж байна. Салхины эрчим хүчийг зорьсондоо хүртэл хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэсэн байна.

Салхин эрчим хүчний салбарт олон улсын зүгээс шударга бус өрсөлдөж байна гэж Европын Холбооны зүгээс үзэж байгаа юм байна. Мөн ажиллах хүчний дутагдал, бүтээн байгуулалт хийхэд түүхий эдийн хүрэлцээ хангамж хангалтгүй зэрэг шалтгаануудыг нэрлэж байна. Эдгээрийн дундаас Хятадаас орж ирдэг салхин станцын эд ангиуд чанарын шаардлага хангахгүй байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлж байна гэж үзээд энэ тал дээр хяналт шалгалт явуулахаар төлөвлөж байгаагаа Европын Хорооноос мэдээлсэн байна. Гэхдээ энэ шийдвэр дээр Европын Холбооны зарим дээд албан тушаалтнууд Хятадаас нийлүүлдэг эд материалууд Европын Холбооны үйлдвэрлэлийн сөрөг үр нөлөө үзүүлж байгаа гэсэн баримт нотолгоо хангалттай байх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тиймээс эхний ээлжид Хятадын түүхий эд, материал ямар сөрөг үр дагавартай байгааг судалж шинжлэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байгаа юм байна. Хэрвээ хяналт шалгалтын явцад Хятадаас орж ирэх эд материалууд чанарын шаардлага хангахгүй, эдийн засагт сөрөг үр нөлөөтэйг тогтоовол худалдааны хориг тавих зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. Уг шийдвэрт Wind Europe зэрэг салхин эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Дотоодын эрчим хүчээ өөрсдөө дотроо үйлдвэрлэдэг болох, сэргээгдэх эрчим хүчний станцуудын эд ангиудаа өөрсдөө бүтээдэг болох зэрэг эрчим хүчний салбарт хувьсгал авчирсан шийдвэр гэж мөн харж байгаа юм байна.

Мөн энэ шийдвэрийн хүрээнд салхин эрчим хүчний салбарын кибер аюулгүй байдлыг хангаж, гаднаас ирэх кибер аюулыг бууруулна гэж төлөвлөж байгаа юм байна. Энэ салбарыг хөгжүүлэх гэж тэрбум тэрбумаар нь зарцуулж байгаа л бол аюулгүй байдлыг нь хангахын тулд мөн тэр хэмжээний хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж Европын эрчим хүчний хорооноос илэрхийлсэн байна. 2030 онд хүрнэ гэж төлөвлөсөн зорилтоо биелүүлэхийн тулд салхин эрчим хүчний лиценз олгох процессыг мөн эрчимжүүлж, хангалттай чадавхжсан ажиллах хүчинтэй болох нь бас нэг зорилт нь болоод байна. Үүний тулд малтмал түлшний салбарт ажиллаж байгаа хүмүүсийг дахин чадавхжуулж, сэргээгдэх эрчим хүчний салбарын мэдлэг чадвар олгохоор ажиллаж байгаагаа онцолсон байна.

Тухайлбал Европын бодлого тодорхойлох газраас гишүүн улс бүр салхин эрчим хүчийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, нөөц боломж дутагдалтай газруудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, орон нутгийн аж ахуй эрхлэгчид энэ салбараас ашиг олох боломжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг уриалж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо БНХАУ-ын нийлүүлдэг салхин станцын эд ангиудыг шалгана  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй