
Унгарын парламент аравдугаар сарын 24-нд Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт товлох саналд татгалзсан байна. Ингэснээр Скандинавын хойгийн энэ улсын цэрэг батлан хамгаалахын томоохон эвсэлд нэгдэх үйл явц дахин хойшилж мэдэхээр байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийн хүсэлтийг зөвшөөрөх саналаа даваа гарагт парламентдаа оруулснаар энэ замд одоо ганц Унгарын шийдвэр хүлээгдэж үлдээд байгаа юм.
НАТО-д шинээр гишүүн улс элсүүлэх шийдвэрийг тус эвслийн гишүүн 31 улс нэг бүрчлэн соёрхож батлах журам үйлчилдэг. Европын Холбооны улсуудаас Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр холбоотны харилцаатай ганц удирдагч гэж тооцогддог Ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч Фидес нам Унгарын парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлдэг. Улмаар тус улс өнгөрсөн оны 7-р сараас хойш Шведийн өргөдлийг соёрхон батлалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлаар парламентад санал хураах тов тогтоох дээр эрх баригч Фидес намын хууль тогтоогчид хаалт тавьсан гэдгийг Унгарын сөрөг хүчний “Ардчилсан эвсэл” намын хууль тогтоогч, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Агнес Вадай мэдээлсэн байна. Улмаар ирэх 11 сарын 6-наас эхлэх парламентын дараагийн чуулганаар Шведийн хүсэлтийг батламжлах эсэх дээр санал хураалт болж магадгүй гэдгийг энэ улстөрч мэдээлжээ.
Шведийн улстөрчдийн зүгээс Унгар улс дахь ардчиллын байдалд эргэлздэг гэдэг шалтгаанаар Унгарын эрх баригч “Фидес” намын хууль тогтоогчид энэ асуудалд хаалт тавьж өнөөдрийг хүрснийг хэвлэлүүд мөн сануулж байна.
Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто өчигдөр Нью-Йоркт, Туркийн парламент Шведийн өргөдлийг батламжилснаар “өөрчлөгдөх зүйл байхгүй”, Унгарын хууль тогтоогчид “энэ асуудлаар бие дааж шийдвэрээ гаргана” гэж мэдэгдсэн. Унгарын Ерөнхий сайд Орбан мөн Шведийн өргөдлийг батламжлах дээр Унгар улс яарахгүй гэж мэдэгдсэн бол, “Фидес” намын өндөр тушаалын депутат мөн парламент нь энэ асуудлаар он дуусахаас өмнө санал хурааж амжих “найдлага бага” гэж ярьжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы тухайд, Курдын салан тусгаарлах үзэлтнүүд болон бусад энэ мэт бүлэглэлд хэт найр тавьж байгаа нь улсынх нь аюулгүй байдалд хор учруулж байна гэдэг үндэслэлээр Стокхолмыг буруутгаж өргөдлийг нь буцааж байсан. Унгарын талаас харин иймэрхүү тодорхой үндэслэл шалтгаан нэрлээгүй гэдгийг тоймчид дурдаж байна. Улмаар Эрдоган Ерөнхийлөгч Шведийг НАТО-д гишүүнчлэхийг соёрхон батлах саналаа парламентдаа хүргүүлснээр жил хагас гарны туршид хүлээгдсэн энэ ажил биеллээ олох магадлал хэзээ хэзээнийхээс нэмэгдсэн ч гэлээ Унгарт санал хураалт хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Швед, Финланд улсууд ОХУ Украинд халдан довтолсны дараа буюу 2022 оны 5-р сард НАТО-д элсэх өргөдөл гаргаснаар жил шахмын дараа Финландын гишүүнчлэл албан ёсоор баталгаажсан юм.
Унгарын парламент Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаар санал хураалт товлохоос татгалзжээ | ||
Үзсэн: 451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.