
Израил болон Палестины зэвсэгт “Хамас” бүлэглэлийн хооронд дайн хямрал үргэлжлэх хэрээр хүн амины асар их хохирлоос гадна эдийн засгийн урхаг үр дагавар ч гүнзгийрэх төлөвөөс ОУВС-гийн тэргүүн сэрэмжлүүллээ. Тэртэй тэргүй түгшүүртэй өнөөгийн дэлхий дахинд “санаа зовоох зүйл улам ихсэж”, цаашдаа ч байдал улам хүндрэхээр байгааг Кристалина Георгиева анхааруулсан байна.
“Ковид-19 болон дайн хямралын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт удааширсан, зээлийн хүү өндөр, өр барагдуулах өртөг нэмэгдсэн үед Ойрх Дорнодын энэ үйл явц өрнөж байна” гэдгийг Кристалина Георгиева тэмдэглэлээ. Мөн энэ хямрал Египет, Иордани, Ливан зэрэг бүс нутгийн орнуудад хэдийн нөлөөлөөд эхэлснийг тэрээр Саудын Арабын Эр-Риядад болж байгаа “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” чуулга уулзалт дээр мэдэгдсэн байна. “Хөрөнгө оруулагчид энэ бүс нутгийн орнуудаас болгоомжлоход хүрч байна. Эдгээр улс руу бараа бүтээгдэхүүн орууллаа гэхэд даатгалын үнэ өртөг мөн өсөж таарна. Гадны маш олон дүрвэгчид хэдийн хүлээж авсан байгаа улс орнуудын нөхцөл байдал мөн эрсдэлд орж байгаа”-г ОУВС-ын тэргүүн мөн анхааралдаа авахыг уриалсан байна. Тэрчлэн аялал жуулчлалын орлогоос хамаарал ихтэй энэ бүс нутгийн орнуудын хувьд өнөөгийн тодорхойгүй байдал жуулчдын урсгалыг үгүй хийдэг хамгийн том аюул” гэдгийг тэрээр мөн дурдлаа. Дээрх чуулга уулзалтад үг хэлсэн америкийн хөрөнгийн зах зээл, Уолл Стритийн удирдагчид мөн өчигдөр үүний ижил байр суурийг илэрхийлж, Ойрх Дорнодын хямралаас үүдэж, ялангуяа ойр хавийн орнууд энэ хямралд татагдан орох нөхцөлд дэлхийн эдийн засагт ихээхэн уршиг үр дагавар учирч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлж байжээ.
Саудын Арабт болж байгаа “Цөлийн Давос” гэгддэг энэ бага хуралд санхүүгийн салбарын гол томоохон тоглогчид чуулж байгаа юм байна. Энд оролцогчдын дийлэнх олонх нь дэлхийн эдийн засгийн төлөвийн тухайд төдийлөн өөдрөг бус төсөөлөлтэй байгаа юм байна. Уг нь гэрээ хэлцэл байгуулахад гол чиглэдэг байсан уламжлалт энэ арга хэмжээ энэ удаад Газын зурваст явагдаж байгаа Израилын бөмбөгдөлт улам эрчимжсэнээс түгшүүр зовнил газар авсан байдалд болж байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.
ОУВС: Израил-Хамасын дайн бүс нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.