Шууд Chart

Фүкүшима АЦС-ын хаягдал усан дахь тритийн хэмжээ аюултай түвшнээс бага гарчээ

2023-10-26 15:18:50

Японы Фүкүшима атомын цахилгаан станц 2011 оны ослоос хойш хуримтлагдсан усаа цацраг идэвхээс нь ангижруулж, далайд цутгаж эхэлснээс хойш хоёр сар өнгөрч байна. Усыг цацраг идэвхээс нь салгаж далайд цутгаж байгаа ч Номхон далайн бүс дэх хөрш орнууд, дотоодын загасчлалын аж ахуй эрхэлдэг хүмүүс энэ ажиллагааг хурцаар шүүмжилж, далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоох зэрэг арга хэмжээ аваад байгаа. Тиймээс Японы далайн бүтээгдэхүүнд итгэх олон улсын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Японы засгийн газраас Олон улсын атомын энергийн агентлагт хүсэлт тавьж, эргийн ус, далайн амьтдад шинжилгээ хийлгүүлсэн. Тэгвэл шинжилгээний хариу өчигдөр гарсан байна. Далайн усан дахь байвал зохих трит стандартаасаа хэтрээгүй, бага гарсныг Японы байгаль орчны яам мэдээлсэн байна.

Шинжилгээг өнгөрөгч 10-р сарын 17,19-ний өдрүүдэд Фүкүшима, Мияаги, Ибараки аймгуудын далайн эргийн 11 цэгээс дээж авч хийсэн. Дээжийг авахдаа эхлээд усыг далайд цутгаж байгаа хэсгээс нэг, дараа нь эргээс 70 км зай дахь уснаас нэг гэх мэтээр авч шинжилсэн байна. Олон улсын стандартын дагуу нэг литр усанд трит гэх бодисын хэмжээ 10 бекерел болон түүнээс доош байвал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж тогтоосон. Сүүлд хийсэн шинжилгээгээр тритийн хэмжээ тогтоосон стандартаас бага гарчээ. Үүнээс өмнө Фүкүшимагийн станцын цацраг идэвхээс нь салгасан усыг далайд цутгахаас нь өмнө 7 удаа шинжилгээ хийхэд мөн л тритийн хэмжээ заагдсан түвшнээс бага гарсан юм. Японы байгаль орчны яамнаас долоо хоног тутам нэг удаа усан дахь тритийн хэмжээнд шинжилгээ хийж, цахим хуудсандаа хариуг нь тавьж байхаар төлөвлөсөн байна.

Энэ удаагийн шинжилгээнд олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчид оролцсоноос гадна Хятад, Өмнөд Солонгос, Канад зэрэг Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын төлөөллөөс шинжээчдээ илгээж оролцуулсан. Мөн шинжилгээг тэдгээр улсын лаборатори луу илгээж, хараат бус байдлаар шинжлүүлсэн юм. Олон улсаас санаа зовж байсан зүйл нь усыг цацраг идэвхээс бүрэн ангижрууллаа ч трит гэх бодисоос салгах боломжгүй байдаг. Трит нь заагдсан хэмжээнээс хэтэрвэл хорт хавдар зэрэг өвчин үүсгэх аюултай бодис юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фүкүшима АЦС-ын хаягдал усан дахь тритийн хэмжээ аюултай түвшнээс бага гарчээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй