
Европын Холбооны ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен болон дэлхийн 40 орны тэргүүн, сайд нар Бельгийн Брюссель хотноо Лхагва гарагт чуулж, Европын Холбооны шинээр хэрэгжүүлж эхлэх дэд бүтэц, эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцлээ. Global Gateway гэж нэрлэсэн энэ төсөл хөтөлбөрөө Европын Холбооны зүгээс Хятадын Бүс ба Зам санаачилгатай өрсөлдөхүйц олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр болно гэж зорилго тавьж байгаагаа мэдээлсэн байна. Түүнчлэн аливаа эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт авахад өртөг өндөр, өр зээл үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнийг Европын Холбоо шийдвэрлэхийг зорьж байгаа гэж мэдээлсэн байна.
Европын Холбоо энэ санаачилгынхаа хүрээнд одоогоор Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Замби улстай түүхий эд материал, Бүгд Найрамдах Намиби улстай устөрөгчийн ногоон эрчим хүч, Бангладеш, Вьетнам улсуудтай сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээнүүдийг тус тус байгуулсан байна. ЕХ-ы ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляиены хэлснээр Глобал Гэйтвэй нь улс орнуудад эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын илүү дээр сонголт хийх боломжийг олгож байгаа. Ямар ч улс орон дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд ирээдүйгээ зардаг тийм тогтолцоо байх ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Глобал Гейтвей нь ЕХ-ы олон улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд ногоон эрчим хүчний бүтээн байгуулалтад 300 тэрбум америк доллар зарцуулахаар эхний ээлжид төсөвлөж байгаа юм байна.
ЕХ-оос Хятадын бүс ба зам санаачилгыг улс орнуудын бүрэн эрхт байдалд халдан нөлөөлдөг, өрийн дарамт үүсгэдэг, өөрөөсөө хамааралтай болгодог хамтын ажиллагааны хөтөлбөр гэж шүүмжилж байгаа юм. Европын Холбооны 18 улс Хятадын Бүс ба Зам санаачилгад нэгдэн орсон байдаг. Тэдэн дундаас Итали тэргүүтэй орнууд санаачилгаас гарах оролдлого хийсээр байгаа. Аль хэдийн 10 жилийг ардаа үдсэн, нөлөөлөл нь дэлхий дахинд тархсан Бүс ба Замтай өрсөлдөх томоохон зорилго тавин гарч ирж байгаа Глобал Гэйтвэй санаачилга мөн чамгүй шүүмжлэлийг дагуулж байна. Глобал Гейтвэй хэрхэн үйл ажиллагаагаа явуулах, улс орнууд яаж элсэн орох, Европын парламентын зүгээс хэрхэн яаж хэрэгжилтэд нь оролцох нь маш тодорхойгүй байна гэж судлаачид дүгнэж байна.
Түүнчлэн өчигдөр, өнөөдөр гээд хоёр өдөр үргэлжлэх чуулганд нь ЕХ-ы гишүүн орнуудын төлөөлөл хангалтгүй ирцтэй оролцсон нь шүүмжлэл дагуулж байна. Санаачилгад нэгдэн орох сонирхолтой ЕХ-ы гишүүн бус орнуудын төлөөлөл, тодруулбал Армень, Намиби, Мавритани, Сенегал зэрэг орнуудын төрийн тэргүүн ирж оролцсон бол Албань, Бангладеш, Египет, Гүрж зэрэг орнуудын ерөнхий сайд нар төлөөлөл болон ирсэн байна. Гэтэл Европын Холбооны гишүүн орнууд, тэр дундаа Герман улс эрчим хүчний сайдаа, Франц улс хөгжлийн сайдаа илгээсэн нь анхаарал татахуйц байна гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
ЕХ: “Бүс ба зам” санаачилгатай өрсөлдөхүйц олон улсын хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.