Шууд Chart

Кремль: ОХУ цөмийн цохилт өгөх сургуулилалт хийлээ

2023-10-26 15:58:50

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ цэргийн сургуулилалт хийж, үүнийхээ хүрээнд ерөнхийлөгч Владимир Путины хяналт дор өргөн хүрээтэй цөмийн цохилт өгөх сургуулилалт амжилттай явууллаа гэж Кремлийн зүгээс мэдээллээ. Үүний зэрэгцээ ОХУ цөмийн зэвсгийг бүрэн хориглох гэрээг соёрхон баталсан шийдвэрийг цуцлах хуулийн саналыг ОХУ-ын парламентын дээд танхим дэмжсэн байна. Ингэснээр ОХУ-ын цөмийн зэвсгийн статус АНУ-тай ижил түвшинд очиж байна гэж Москва тайлбар өгч байгаа юм. АНУ цөмийн зэвсгийг бүрэн хориглох гэрээнд нэгдэн орсон ч албан ёсоор соёрхон батлаагүй байдаг. Одоо энэ хуулийн төслийг ерөнхийлөгч Владимир Путинд өргөн барина. Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хууль хучин төгөлдөр болох юм.

Оросын улсын телевизийн үзүүлснээр цөмийн цохилт өгөх цэргийн сургуулилалтыг ерөнхийлөгч Путин видео дуудлагаар хянан зохицуулж байсан байна. Кремлийн мэдээлж байгаагаар Орос улс хуурай газарт, агаарт, усанд цөмийн зэвсэг туршсан нь амжилттай болсон. Тодруулбал, Ярс нэртэй тив алгасагч пуужинг Оросын алс Дорнод руу харвасан, цөмийн хөдөлгүүрт шумбагчаас Оросын баруун хойд зүгт байх Арктикийн далайн Баренцын тэнгис рүү баллистик пуужин харвасан, Ту-95 гэх холын зайн тусгалт бөмбөгдөгчөөс агаарт далавчит пуужин хаяж туршсан гэж мэдээлсэн байна.

Мөн энэ цэргийн сургуулилалтаар Оросын армийн бэлэн байдал, командлагчдын удирдах чадвар, ахлах албан тушаалтнуудын цэргийн анги зохион байгуулах чадварыг тус тус шалгасан гэж Кремлиэс мэдэгдэлдээ дурдсан. Уг ажиллагаагаа дайсны болзошгүй цөмийн дайралтын эсрэг бэлтгэх ажил гэж нэрлэсэн байна. Цөмийн зэсвгийн гэрээнээс гарч байгаа тухайд, энэ гэрээ нь дэлхийн хаана ч, газар, ус, агаар мандалд цөмийн зэвсэг туршихыг хориглосон гэрээ юм. Анх 1996 онд батлагдсан энэ гэрээнд ОХУ гарын үсэг зурж, албан ёсоор соёрхон баталсан бол өрсөлдөгч тал болох АНУ нэгдэн орсон ч албан ёсоор соёрхон баталж байгаагүй юм.

Путин энэ сарын эхэнд энэ гэрээнээс гарна гэдгээ анхааруулж байсан. Путины энэ саналыг Төрийн дум хүлээн авч, хэлэлцэн баталсан бол дээд танхим мөн ижил зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Энэ гэрээг мөн Хятад, Энэтхэг, Пакистан, Умард Солонгос, Израил, Иран, Египет гэсэн цөмийн зэвсэгтэй орнууд соёрхон батлаагүй байдаг. Олон улсын шинжээчид ОХУ энэ гэрээнээс гарч байгаа шийдвэрийг Барууны орнууд Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлж байгааг эсэргүүцсэн шийдвэр гэж харж дүгнэж байгаа юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кремль: ОХУ цөмийн цохилт өгөх сургуулилалт хийлээ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй