
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МкКартиг суудлаас нь огцруулснаас хойш төлөөлөгчдийн танхим даргаа сонгож чадахгүй 3 долоо хоног өнгөрсний эцэст Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Майк Жонсоныг сонголоо. Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэйгээс олонх нь буюу 221 гишүүн нь Бүгд Найрамдах намынх юм. Майк Жонсон намынхаа үлдсэн 220 гишүүний бүх саналыг авснаар ийнхүү төлөөлөгчдийн танхимын дарга болж байна. Луисиана мужийг төлөөлдөг Майк Жонсон улс төрийн консерватив үзэл баримтлалтай гэдгээрээ танигдсан. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай ойр нөхөрлөдөг гэж ажиглагчид үздэг. Тэрээр төлөөлөгчдийн танхимын дарга болсон даруйдаа одоо хурцадмал өрнөж байгаа Израил-Хамасын дайнд байр сууриа илэрхийлж амжсан байна.
Төлөөлөгчдийн танхимын өмнөх дарга Кевин МкКартиг огцорсны дараа Бүгд Найрамдах нам Майк Жонсоноос гадна дахиад гурван хүний нэрийг дэвшүүлсэн байсан ч бүгд эцсийн санал хураалтад орохоор хэмжээний дэмжлэг авч чадаагүй юм байна. Төлөөлөгчдийн танхим гурван долоо хоногийн хугацаанд даргагүй явахад нэг ч хуулийн төсөл батлагдах боломжгүй, АНУ-ын хууль тогтоох байгууллага зогсонги байдалд ороод байсан. Одоо даргатай болсон тул хамгийн их хүлээгдэж байсан төсвөө батална. Мөн Израил, Украинд мөнгөн тусламж үзүүлэх талаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Гэхдээ төлөөлөгчдийн танхимын дарга болсон Майк Жонсон Украинд туслах төсөв батлахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Жонсоноос гадна Бүгд найрамдах намынхан экс ерөнхийлөгч Доналд Трампын нэгэн адилаар Украинд туслахыг эсэргүүцсээр ирсэн. Ерөнхийдөө Жонсоны хувьд одоогийн ерөнхийлөгч Жое Байдены гаргасан шийдвэрүүдийг эргүүлэх үзэл санаатай байгаа гэж Байдены талынхан үзэж байгаа юм. Магадгүй ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх боломжтой ч гэж үзэж байгаа. Тийм боловч Байдены зүгээс Майк Жонсонд санаа зовохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Жонсоны хувьд харин Израилыг бүх талаар дэмжиж туслахад бэлэн гэдэг амлалтыг өгсөн нь төлөөлөгчдийн танхимын дарга болсны дараах анхны шийдвэр нь байлаа.
Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн олонх нь түүний саналыг дэмжсэн байна. АНУ Израилыг дэмжиж, барьцаанд байгаа хүмүүсийг суллуулахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах нугаршгүй байр суурийг нь Майк Жонсоны байр суурь баталлаа гэж ажиглагчид үзэж байна. Түүний шийдвэрийг 10 гишүүн дэмжээгүйн дотор 9 нь Ардчилсан намынх, 1 нь Бүгд Найрамдах намын гишүүн байсан. Саналыг дэмжээгүй шалтгаанаа дурдахдаа энэ шийдвэр Палестины энгийн ард иргэдийн хохирлыг бодолцож үзээгүй гэж үзсэн тул дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Майк Жонсон Израилын талаар дурдсаныхаа дараа Украин руу тусламж илгээх талаарх сүүлийн үеийн байр сууриа давхар илэрхийлсэн байна. Түүний мэдэгдсэнээр Украин руу нөхцөлтэйгөөр тусламж илгээж болно гэж Бүгд Найрамдах намынхан үзэж байгаа юм байна. Энэ талаар төлөөлөгчдийн танхим дотроо хэлэлцэж, мөн цагаан ордноос тодорхой байр суурийг хүлээж байгаа гэж мөн дурдсан байна.
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын даргаар Майк Жонсоныг сонгожээ | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.