
Израилын Батлан хамгаалах арми Газын зурвасын хойд хэсэгт танктай нэвтэрч тусгай ажиллагаа явуулснаа мэдээллээ.
Дараагийн шатны байлдааны ажиллагаанд бэлтгэх хүрээнд энэ ажиллагааг явуулж, дууссан даруйдаа Газын зурвасыг орхин гарсан гэж мэдээлэлд дурджээ.
Энэ зуур хүмүүнлэгийн нөхцөл байдал асар хурцадмал болсон Газын зурваст цэрэг оруулж газрын ажиллагаа явуулна гэдгээ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дахин мэдэгдэж байна.
Израилын армийнхан дээрх ажиллагааны явцдаа террористуудын олон үүр, дэд бүтцүүд, пуужин харвах төхөөрөмжүүдийг устгасан гэж мэдээлсэн байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху үүний өмнө телевизээр мэдэгдэл хийж, Газын зурвас руу газрын ажиллагаа явуулах бэлтгэлээ базаасан хэвээр байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ ажиллагаа эхлэх тодорхой тов хэлээгүй байна.
Харин Орос дахь Израилын Элчин сайд энэ ажиллагааг гэнэт эхлүүлнэ гэж мэдэгдсэнийг "Тасс" агентлаг мэдээлжээ.
Хамасын талаас мөн Израилын төв болон өмнөд хэсэг рүү пуужингаар өргөн довтолсон байна.
Дайн хямралаас болж Израилын талаас амь үрэгдэгсдийн тоо 1400 давсан, 300-аад хүн эмнэлэгт байгааг мэдээлж байна. Харин Газын зурваст 6546 хүн амь үрэгдсэн, 17439 хүн шархадсан гэж Палестины тал мэдээлж байна.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хамасын мэдэл дэх Газын зурвасын ЭМЯ-ны мэдээлэлд итгэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн амь үрэгдэгсдийн 2700 орчим нь хүүхэд байна гэдэг тоо баримт яригдаж байгаа үед “Энгийн хүн амд аль болох бага хохирол учруулах АНУ-ын хүсэлтийг Израил үл тоомсорлож байгаа хэрэг биш үү” гэсэн асуултад Америкийн Ерөнхийлөгч ийм хариулт хэлсэн байна. Цагаан ордонд болсон Хэвлэлийн хурлын үеэр ийм яриа болсон юм байна.
Үүнээс гадна Газын зурваст түлш шатахууны нөөц шавхагдаж дуусч байгаа гэсэн НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн мэдээллийг Израилын тал няцаажээ.
“Газын зурваст эрх барьдаг Хамас бүлэглэл түлш шатахуун хаанаас залгуулдаг вэ гэдгийг үндэслэж бид НҮБ-ын мэдэгдэлд хариулах байна. Эмнэлгүүдийг, усан сангуудыг олон өдөр ажиллуулж хүрэхээр бензин, дизель бусад түлш Газын зурваст байгаа. Гагцхүү зорилго нь тусдаа. Хамас бүлэглэл энгийн хүн амыг үл тооцож, гагцхүү байлдааны боломж, нөөцөө дэмжих үүднээс бүх түлшээ дарж хадгалж байгаа” гэж Израилын БХА-ийн төлөөлөгч Конрикус мэдэгджээ.
Газын эмнэлгүүд хэдхэн цаг ажиллах түлш үлдсэн учраас одоо зөвхөн нэн яаралтай өвчтөнүүдийг л хүлээж авч байгаа гэсэн НҮБ-ын мэдээ байгаа юм.
Үүний зэрэгцээ Хамасын барьцаанд байгаа хүмүүсээс олон хүнийг суллаж магадгүй байгаа талаар Израилын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Хэлэлцээний явцаас хамааран үүнээс наана ч хүмүүсийг чөлөөлөх болзошгүй талаар хэлэлцээнд ойр эх сурвалжуудад тулгуурлаж Израилын Хаарец сонин мэдээлжээ.
Хамасын барьцаанд 224 хүн байгаа, талаас илүү хувь нь 25 улсын харьяат иргэд байгаа тухай Израилын Засгийн газар өчигдөр мэдээлсэн юм.
Израилын Батлан хамгаалах армийнхан газын зурваст танкаар нэвтэрч тусгай ажиллагаа явуулжээ | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.