Шууд Chart

Япон, АНУ, Өмнөд Солонгос улс БНАСАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлсэнд буруутгав

2023-10-27 11:04:40

Япон, АНУ, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар Умард Солонгосыг ОХУ-д зэвсэг нийлүүлсэнд буруутгасан хамтарсан мэдэгдэл баталсан байна.

Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж байгаа ОХУ-ыг зэр зэвсгээр хангасан энэ үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн явдал гэдгийг энд онцолжээ.

Японы Гадаад хэргийн сайд Камикава Ёко, АНУ, Өмнөд Солонгосын мөн ижил түвшний албаныхан болох Энтони Блинкен, Пак Жин нар Умардаас ОХУ-д саявтар хэд хэдэн удаа зэвсэг нийлүүлсэн болох нь тогтоогдсон гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн ийм нийлүүлэлтээс үүдэж Украин дахь Оросын түрэмгийллийн улмаас хүн амины эрсдэл улам нэмэгдэх болно гэдгийг анхааруулжээ.

Москвад ийм дэмжлэг үзүүлснийхээ хариуд Умард Солонгос Оросоос цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх тусламж эрэлхийлж байгаа гэж дээрх гурван улсын сайд нарын мэдэгдэлд дурджээ.

Энэ хүрээнд Оросоос Пхеньянд цөмийн болон баллистик пуужингийн технологи нийлүүлж болзошгүй гэж тэд сэжиглэж байгаагаа илэрхийлсэн байна.

Улмаар гурван улсын Гадаад харилцааны сайд нар Умард Солонгос болон ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудаар хориотой бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсооход уриалжээ.

Үүний өмнө энэ сарын 13-нд Америкийн засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрөгч есдүгээр сарын 7-ноос аравдугаар сарын 1-ний хооронд Умард Солонгосоос Орос руу зэр зэвсэг болон бусад цэргийн тоног төхөөрөмж тээвэрлэсэн 1000 гаруй чингэлэг ачаа хүргэгдсэнийг харуулсан хиймэл дагуулын дүрс зураг байгаа тухай мэдээлж байсан юм.

Тэгвэл дээрх мэдэгдлийн хариуд Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр өгсөн тайлбартаа "Орос улс Умард Солонгостой бүх салбарт нягт холбоо харилцаа хөгжүүлэхээр төлөвлөж байгаа" гэж мэдэгдсэн байна.

Мөн “Иймэрхүү мэдээлэл олонтаа гарч байдаг. Ихэнх нь ямар ч тодорхойгүй, ор үндэсгүй байдаг. Аль эртнээс гарч байдаг энэ мэт мэдээллийг бид утга учиртайд авч үзэхгүй байна” гэж мэдэгджээ.

Яг зэвсэг нийлүүлэлт болсон эсэх тухайд Дмитрий Песков “Энэ тухайд бид ямар ч тайлбар өгөхгүй” гэсэн байна.

Умардын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрөгч есдүгээр сард ОХУ-д дээд түвшний уулзалт хийж, Украины дайны асуудлууд болон Умардын хиймэл дагуулын хөтөлбөрт Оросын талаас туслах боломжийг хэлэлцсэн гэж тухайн үед мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, АНУ, Өмнөд Солонгос улс БНАСАУ-ыг ОХУ-д зэвсэг нийлүүлсэнд буруутгав  
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй