
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израил-Хамасын дайны асуудлаар дахин нэг удаа нэгдсэн тогтоол баталж чадаагүй.
Тэгвэл үүний араас НҮБ-ын Ерөнхий Ассамблей Газын зурвасын асуудлаар шуурхай хурал хийлээ.
Ерөнхий Ассамблейн дарга Деннис Фрэнсис хурлыг нээж үг хэлэхдээ "Гишүүн орнуудын төлөөлөл өнөөдөр энэ танхимд үзэн ядалт, хуваагдал, өс хонзон дээр тулгуурлаж шийдвэр гаргахгүй байх"-ыг хүслээ. Энэ хуралдааны завшааныг ашиглаж, аль болох олон хүний амийг аварч, хүчирхийллийг зогсоох яриа хэлэлцээнд хүрэхийг зорьцгооё гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий Зөвлөлийн шуурхай хуралдааны индэр дээр Израил, Палестин, Иордан, Иран улсуудын НҮБ дахь байнгын төлөөлөгчид өөрийн улсын байр суурийг илэрхийлсэн байна.
НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч Гилад Эрдан "Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орнууд энхийг эрхэмлэж байна, дайныг зогсоохыг хүсэж байна гэж байгаа боловч үүгээрээ энэ дайныг эхлүүлсэн алан хядагчдыг өөгшүүлж байгаа юм. Та бүхнийг тэр алан хядагч бүлэг утсан хүүхэлдэйгээ гэж харж байгаа. Манай улс Хамас бүлгийг газрын хөрснөөс арчин хаяна гэдэг амлалтдаа заавал хүрэх болно. Дахиж ийм алан хядагчид харгислал үйлдэх боломжгүй болгоно. Израил хэрвээ Хамасыг буулгаж авч чадахгүй бол бүх дэлхий нийтээрээ үр дагаврыг нь амсах болно. Хамас бүлэг бол Исламын улс, Аль Кайда, Теграны Аяатола Ерөнхийлөгчийн дарангуйллын дэглэмтэй яг ижил геноцитын үзэл санааг дэлгэрүүлэгч. Одоо л таслан зогсоохгүй бол эдгээр Исламын хэт даврагчид танай улсуудад энэ үзэл санааныхаа үрийг суулгасаар байх болно" гэлээ.
Дайн эхэлснээс хойш Газын зурваст амиа алдсан хүний тоо 7000 давсныг Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Олон хүний амь нас эрсдэж байгаа талаар НҮБ дахь Палестины байнгын төлөөлөгч Рияад Мансур болон Иордан улсын Гадаад хэргийн сайд Аяман Сафади нар тус тусын байр суурийг илэрхийллээ.
НҮБ дахь Палестины байнгын төлөөлөгч Рияад Мансур "Би та бүхнээс Газын зурваст болж байгаа энэ их хядлагыг зогсоож өгөхийг хүсэж байна. Дэлхийн улс орны төлөөлөл та бүхэн л дэлхий дахинд энэ хядлагын бодит үнэнийг ойлгуулж чадна. Өшөө хорсол биш, шударга ёсыг сонгохыг уриалж байна. Дайныг биш энх тайвныг сонгооч. Дэлхий нийтээрээ сүүлийн гурван долоо хоногийн турш олон жил үргэлжилсэн давхар стандарт яаж оргилдоо хүрч байгааг харж, гэрчилж байна. Олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Амь бүхэн үнэ цэнтэй. Энэ удаагийн гал зогсоох тогтоолын төслийг дэмжиж өгнө үү" гэсэн юм.
Иордан улсын Гадаад хэргийн сайд Аяман Сафади "Израил улс Газын зурвасыг амьд там болгож байна. Энэ аймшигт явдлыг хэдэн үеэрээ мартахгүй хэмжээнд хүрч байна. Хүүхдүүд Израилын бөмбөгдөлтөд өртөж, байшин барилгад даруулж амь насаа алдаж байна. Зарим нь одоо ч амьд мэнд, нуранги доор тусламж хүлээн хэвтэж байгаа. Тэдэнд туслах, гаргаж авах багаж хэрэгсэл Газ хотод алга. Амьд гарсан хүүхдүүд харин өлсөж, цангаж, үрэгдэж байна. Израилын төлөөлөгч өнөөдөр энэ индэр дээр амь насаа алдсан энгийн Палестины ард иргэдийн талаар дурдсангүй. Энд зөвхөн мусульман иргэдийн талаар яригдаагүй. Израилын иргэдийн амь нас ч яригдаж байгааг ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон нөхөд өө, өөрийгөө хамгаалах эрх гэдэг нь хядлага үйлдэнэ гэсэн үг биш гэдгийг та бүхэн ойлгоно уу. Хэн ч олон улсын хуулиас дээгүүр байх ёсгүй" гэж хэллээ.
Харин НҮБ-ын индэр дээр үг хэлсэн Ираны Гадаад хэргийн сайд Хамас бүлэг барьцаанд байгаа иргэдийг суллахад бэлэн байгаа. Оронд нь Израилын хорионд байгаа 6000 Палестины иргэнийг суллуулахыг олон улсын байгууллагаас хүсэж байгааг мэдэгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Израил-Палестины асуудлаар шуурхай хурал хийлээ | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.