Шууд Chart

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д айлчиллаа

2023-10-27 15:47:23

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Вашингтонд айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай уулзлаа.

АНУ дахь гурван хоногийн айлчлалынхаа хүрээнд сайд Ван И хоёр орны хооронд үл ойлголцол, ялгаа бий боловч, олон улсын тавцанд хамтран шийдвэрлэх ёстой, ашиг сонирхол нэгтэй асуудлууд олон бий гэдгийг дурдсан байна.

Түүний энэ удаагийн айлчлал олон улсад, тэр дундаа Ойрх Дорнодод дайн байлдааны онц ноцтой нөхцөл үүсээд байгаа хурцадмал цаг үед болж байна гэж ажиглагчид үзэж байна.

Ирэх долоо хоногт Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалт болно. Тус уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр талт уулзалт хийх болов уу гэж ажиглагчид харж байна.

Үүний өмнөхөн хоёр орны өндөр дээд албан тушаалтнууд уулзаж, хоёр орны харилцааны талаар, мөн дэлхий дахинд өрнөж байгаа бусад асуудлын талаар хэлэлцэж байна гэж хэвлэлүүд онцолж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Миний бие АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений урилгыг хүлээн авч, Вашинтонд ирсэндээ баяртай байна. Хоёр улс, дундын болон тив дэлхийн асуудлыг гүнзгий түвшинд ярилцах хэрэгтэй. Ингэж байж бид үл ойлголцлоо засаж, хамтын ажиллагаагаа нэгэн зүгт болгож чадна. Манай хоёр орны дунд цаашдаа ч үл ойлголцол, маргаантай асуудал гарах байх. Гэхдээ тэр үед манай улс тайван, энхийг эрхэмлэсэн байдлаар хандаж, яриа хэлэлцээнд хүрэхийг хичээнэ. Ямар ч асуудал дээр чанга дуугарсан нь биш, хүлээцтэй хандаж, дүрэм журмыг мөрдсөн нь онодог. Бидний энэ удаагийн яриа хэлэлцээ хоёр улсын харилцаанд эерэг үр дүнг авчирна гэж найдаж байна" гэжээ. 

Ван И 2019 оноос хойш анх удаа АНУ-д айлчилж байгаа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болж байна. Тэрбээр мөн өнөөдөр Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байденд бараалхах төлөвлөгөөтэй гэж мэдээлсэн байна.

Ван И айлчлалынхаа хүрээнд АНУ-ын өндөр дээд албан тушаалтнуудтай Ойрх Дорнодод болж байгаа асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй гэж албанынхан мэдээлсэн. Ажиглагчдын үзэж байгаагаар АНУ-ын зүгээс БНХАУ-ыг Израил-Хамасын дайнд илүү идэвхтэй байр суурь баримталж, шийдвэр гаргах талаар ятгах болов уу гэж харж байгаа. Гэхдээ Хятадын тал дайн эхэлснээс хойш Барууны орнуудын санаачилгыг төдийлөн дэмжих сонирхолгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сүүлийн хуралдаан дээр БНХАУ ОХУ-ын хамтаар АНУ-ын өргөн барьсан тогтоолын төсөлд хориг тавьсан. Газын зурваст гал зогсоох талыг баримталсаар байгаагаа энэ чуулганаар илэрхийлсэн юм.

Түүнээс гадна одоогоор хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа хамгийн маргаантай салбар болоод байгаа. Энтони Блинкен өнгөрсөн зургаадугаар сард Бээжинд айлчлахдаа батлан хамгаалах салбарын харилцааны асуудлаа дурдаж, тогтворжуулах талаар яриа хэлцэл өрнүүлсэн ч одоогоор уур амьсгал нааштай эргээгүй байна.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист Хятадын эргийн харуулын усан онгоц Филиппиний хангамжийн онгоцыг мөргөсөн хэрэг гарсан.

Үүнд АНУ БНХАУ-ыг буруутгасан байр суурьтай байгаа. Энэ мэт үл ойлголцлыг энэ удаагийн хэлэлцээгээр шийдвэрлэх болов уу гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д айлчиллаа   
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй