
Аравдугаар сарын 1-нд Европын холбооноос "Нүүрстөрөгчийн ялгарлыг зохицуулах механимз" нэртэй татварын шинэ системээ баталсан.
Энэ нь Европын холбооны нутаг дэвсгэрээс гадна үйлдвэрлэгдэж байгаа нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг бүтээгдэхүүнд олгох татварын тогтолцоо юм байна.
Шинэ татварын системийг батлаад сар ч болоогүй байхад гадны компаниуд аль хэдийнэ энэ системд санаа зовж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.
Мөн энэ татварын системийг хэрэгжүүлэх арга барилаа өөрчлөх нь зүйтэй гэсэн олон улсын шинжээчдийн дүгнэлт ар араасаа гарсаар байна.
Европын холбооны Засгийн газар нь энэ төрлийн татварын төслийг танилцуулж байгаа дэлхийн анхны Засгийн газар болж байна.
Жил ирэх тутам хүлэмжийн хийн ялгарлын улмаас дэлхийн дундаж температур нэмэгдэхийн зэрэгцээ эрчим хүчний хэрэглээний хямрал, шинэ сэргээгдэх эрчим хүчний эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ цаг үед Европын холбооны бодлого тодорхойлогчид энэ шинэ татварын системийн тухай хуульд өдөр бүр шинэ зүйл, заалт нэмж байгаа талаар холбогдох байгууллага дурдсан байна.
Бодлого тодорхойлогчдын энэ үйлдэл эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэж дотоод, гадаадын бизнес эрхлэгч компаниуд түгшин ажиглаж байна гэж олон улсын хэвлэлд дурдсан байна.
Нэгдүгээрт, шинэ татварын системийн хэрэгжих хугацаа хэт давчуу байгаа нь бизнес эрхлэгчдэд хэрхэн хариу үзүүлэх боломж олгохгүй дарамт учруулж байна гэж үзсэн байна.
Хоёрдугаарт, шинэ татварын системд гадны компаниудаас шаардсан 10 бүлэг бүхий анкетыг бодлого тодорхойлогчид боловсруулж байна.
Гэтэл гадны бизнес эрхлэгч 700 компани дээр хийсэн судалгаагаар тэдний 60 хувь нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 80 гаруй хувь нь энэ 10 бүлэгтэй анкетын шаардлагыг урд нь огт харж байгаагүй, одоогийн нөхцөлд биелүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
Мөн Европын хорооноос энэ татварын системд бүртгүүлж, хяналтад орох жилийн өртөг нь ойролцоогоор 30 сая америк доллар болно гэдгийг мэдээлсэн.
Ингэснээр бизнес эрхлэгчдэд ирэх санхүүгийн дарамт улам бүр нэмэгдэх юм. Энэ татварын системийн бас нэг дутагдалтай тал нь урт хугацаандаа Европын холбооны эрчим хүчний үнэ дэлхийн бусад орноос илүү өндөр болох магадлалтай юм.
Өндөр татварын улмаас гадны экспорт багасч, Европ дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэх эрсдэлтэй.
Мөн Европын холбооны дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн чангарна гэж Германы улс төрчид үзэж буй юм байна.
Дэлхийн худалдааны байгууллагаас Европын холбооны энэ татварын системийн хууль эрхзүйн байдал дээр ямар хариу үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хятад улс гэхэд Европын холбооны хамгийн том экспортлогчийн хувьд Дэлхийн худалдааны байгууллагад өргөдөл гаргаж, Европын холбооны шинэ татварын системийн хууль эрхзүйн үндэслэлийг шаардан гаргаж өгөхийг хүссэн байна.
Европын холбооны шинэ татварын систем бизнес эрхлэгчдийн санааг зовоож байна | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.