Шууд Chart

АНУ-ын Засгийн газар галт зэвсгийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэнэ

2023-10-28 11:03:41

Орон нутгийн цагаар өнгөрөгч лхагва гарагийн орой АНУ-ын зүүн умард эргийн Мэн мужид галт зэвсэг агссан нэгэн этгээд буугаар 18 хүний амь насанд халдсан хэрэг гарсан байна.

Ерөнхийдөө АНУ-д иймэрхүү буудлагын гэмт хэрэг дэлхийн бусад оронтой харьцуулахад маш өндөр давтамжтай болдог. Энэ төрлийн гэмт хэргээс ихэнх тохиолдолд урьдчилан сэргийлж чаддаггүй. Гарсан хойно нь гэмт хэрэгтнүүд буугаа хаанаас авсан эсэх, яагаад анхааруулга арга хэмжээ байдаггүй вэ гэх зэрэг асуултууд ар араасаа хөвөрдөг.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар буудлагын гэмт хэрэгтэй тэмцэхээр хэд хэдэн арга хэмжээ авсан талаараа мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн аюулгүй байдалтай холбоотой багц хуулийн төсөлд гарын үсэг зурсан.

Энэ нь АНУ-ын түүхэнд сүүлийн 28 жилийн хугацаан дахь анхны галт зэвсэг зохицуулах тухай хууль болсон юм байна.

Ерөнхийдөө АНУ-ын иргэн биеэ хамгаалах зорилгоор галт зэвсэг худалдаж авах эрхтэй байдаг. Жо Байдены баталсан хууль нь 21-ээс доош насны иргэд галт зэвсэг худалдаж авах гэж байгаа бол эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байсан эсэх, сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт болон бусад мэдээллийг нь шалгаж байж худалдаалах заалттай болгож өгсөн байна.

Өнгөрсөн сард мөн Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд галт зэвсгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай алба гэж шинээр байгуулсан. Тус албыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис хариуцдаг.

Жо Байден албан ёсны мэдэгдэлдээ галт зэвсгийн гэмт хэргийг “цар тахлын” хэмжээнд хүрсэн гэж тодорхойлоод, үүнтэй тэмцэхийн тулд АНУ-ын Засгийн газар бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллана гэж мэдэгдсэн байна.

Мөн түүнчлэн АНУ-ын Конгрессоос нэг дор олон хүний аминд хүрэх чадалтай хагас автомат бууг хориглох арга хэмжээ авахыг шаардсан байна.

2023 оны байдлаар л гэхэд АНУ-д галт зэвсгээр олноор нь устгах зорилготой гэмт хэргийн золиос болж, амиа алдсан хүний тоо 15 мянга давсан үзүүлэлттэй байна.

Гэтэл жилдээ 500-600 удаагийн буудлагаар л энэ хэмжээний хүний аминд хүрдэг гэдгийг мөн судалгаагаар харуулж байна.

Энэ тоо ердөө олон хүний аминд нэг дор хүрсэн галт зэвсгийн гэмт хэргүүдийг тоолж гаргасан судалгаа юм байна.

Үүн дээр ахуйн буудлагын гэмт хэрэг, зэвсэгт дээрэм, дээрмийн бүлэглэлийн гарт амиа алдсан хүний тоог оролцуулбал АНУ-д жил бүр галт зэвсгээс болж амиа алдсан хүний тоо 50 мянга хүрдэг байна.

Олон нийтийн газар дөрвөөс дээш хүний аминд хүрсэн “масс-шүүтинг” гэж нэрлэгддэг гэмт хэргийн анхны тохиолдол АНУ-д 1966 онд бүртгэгдэж байсан гэж албан ёсоор тэмдэглэн үлдээж байжээ. Энэ үеийг хүртэл энгийн иргэдийн дунд олноор нь устгах чадалтай галт зэвсгийн хэрэглээ бага байсантай холбоотой тухайн оноос өмнө албан ёсоор бүртгэж аваагүй байна.

Тэр цаг үеэс хойш ийм төрлийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, давтамж, хохирогчдын тоо улам нэмэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн үүдэл нөхцөл нь ихэвчлэн үзэн ядах гэмт хэргээс үүдэлтэй байх нь элбэг. Гэмт хэрэг үйлдэгчид хэсэг бүлэг хүмүүсийг нас хүйс, арьс өнгө, үндэс угсаа, итгэл үнэмшил, улс төрийн үзэл баримтлалаас нь болж үзэн ядах сэдлээр гэмт хэргээ үйлддэг гэсэн судалгаа байна.

Мөн дийлэнх гэмт хэрэгтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байх магадлал өндөр. Ийм гэмт хэрэгтнүүд сургууль, албан байгууллага гэх мэт нийгмийн нэг институтыг зорьж очиж гэмт хэргээ үйлдэх нь элбэг байдаг.

Шалтгаан нь нийгмийн институтууд нь эдгээр хүмүүст шударга бус хандсан, үйл хэрэг нь таалагдаагүй, хувийн өс хонзонтой гэх мэтээр гэмт хэрэг илэрдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Засгийн газар галт зэвсгийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэнэ  
Үзсэн: 1193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Gemt hereg [127.0.0.xxx] 2023-10-28 11:42
Uhamsargui humuus buu ezemshvel

Бидэнтэй нэгдээрэй