
Дэлхийн дундаж температур энэ зун түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, энэ дунджийг цаашид наанадаж 1,5 градусаас дээшлүүлэхгүй байх тал дээр олон улсын цаг уурын байгууллагаас зорилт тавин, улс орнуудыг нүүрсхүчлийн хийн ялгарлаа багасгахыг уриалсаар байгаа. Гэвч давж болохгүй гэсэн дээд хязгаар улам бүр ойртож, нүүрсхүчлийн хийн хэрэглээг одоо л багасгахгүй бол ирэх зургаан жилд энэ 1,5 градусын хязгаарыг мөдхөн давна гэж анхааруулж эхэлсэн байна. Тэгвэл энэ анхааруулгатай зэрэгцэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш Непал улсад айлчилж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Эверестийн оргилын мөс их хэмжээгээр хорогдсон талаар мэдээлж, хүн төрөлхтнийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.
Сүүлийн гучин жилд Гималайн уул нуруудын нийт мөнх цасны гуравны нэг нь хайлсан, мөн сүүлийн арван жилд өмнөх жилүүдээ бодвол 65 хувийн хурдацтай хайлж байгаа гэдгийг НҮБ-ын тайланд дурдсан байна. Гималайн мөнх цас, мөсөн голууд бол дэлхийн нэг тэрбум хүнийг ундаалж чадах цэвэр усны эх үүсвэр, гол мөрний эх болдог. Энэтхэгийн Ганга, Инд гэсэн хоёр том мөрөн энэ уулнаас л эх аван урсаж, голын ай сав дахь тариаланг тэтгэж, мал амьтныг ундаалдаг, эргэн тойрны ард түмний эдийн засаг, амьдралын баталгаа болдог. Дэлхийн дээвэр ч гэж нэрлэгддэг энэ уулын мөс хайлж байгаа нь дан ганц энэ бүсийн биш дэлхий нийтийн асуудал болж байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутереш цахим мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрээр мөн дэлхийн мөнх цас хайлж байгаа үйл явцыг хоёр үндсэн мөчлөгт хуваан авч үзсэн байна. Эхний мөчлөгт Гималай болон Антарктид, Гринландын мөнх цас хайлж байгаа үечлэлийг авч үзсэн байна. Антарктид, Гринланд дангаараа л гэхэд жил бүр хэдэн тэрбум тонн мөсөн бүрхүүлээ алдаж байна гэсэн судалгааг нэрлэсэн байна. Ингэснээр далайн түвшин эрчимтэй нэмэгдэж, далайн эргийн арлын орнууд мөдхөн хэдэн жилийн дараа гэхэд далайн усанд автаж, үгүй болно гэдгийг анхаарууллаа. Түүгээр ч зогсохгүй энэ үйл явц маш хурдацтай өрнөж байна гэдгийг онцолсон байна.
Мөсөн бүрхүүл хайлах хоёрдугаар мөчлөгийн үр дагавар нь өмнө дурдсанчлан мөнх цаснаас эх авч урсдаг гол мөрнүүд багасах аюулыг нэрлэлээ. Гол мөрөн багасаж ширгэснээр усны хомсдол нүүрлээд зогсохгүй ус, газар нутгийн төлөөх тэмцэл хүн төрөлхтний дунд нүүрлэнэ гэдгийг мөн анхааруулж байна. Антонио Гутереш эдгээр тоон баримтуудыг дурдсаныхаа араас мөсөн голууд татарч байгаа ч хүн төрөлхтөн байгаль дэлхийг хамгаалахаар урагшлах ёстой гэж уриаллаа. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой зүйл нь хүлэмжийн хийг багасгаж, малтмал түлшний хэрэглээг бууруулах явдал гэдгийг олон улсын байгууллагуудын зүгээс тайлбарласаар байгаа юм. Малтмал түлшний хэрэглээний талаар хэлэлцэх НҮБ-ын КОП28 уур амьсгалын чуулган Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сарын дараа эхэлнэ. Тус чуулганы үеэр 2034 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх талаар хэлэлцэнэ гэсэн төлөвтэй байна.
Ингэж чадвал дэлхийн дундаж температур 1,5 хувиас нэмэгдэхгүй байх зорилгын 40 хувь нь биелэн гэж харж байгаа юм байна. КОП28 чуулганыг угтаж даргалагч Арабын Нэгдсэн Эмират улс болон сэргээгдэх эрчим хүчний байгууллагууд хамтарч мэдэгдэл гаргасан байна. Үүндээ улс орнуудыг 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийг 3 дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм байна. Энэ долоо хоногт КОП28-ын урьдчилсан хэлэлцүүлэг Абу Даби хотноо болно. Энэ хэлэлцүүлэг дээр ирэх сарын Дубайн чуулганаар хэлэлцүүлэх асуудлын ерөнхий зургийг гаргах товтой байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд малтмал түлшний хэрэглээг зайлшгүй багасгах хэрэгтэй | ||
Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.