
Өнгөрөгч Ням гарагт ОХУ-ын Дагестан муж улсын нийслэл Махачкала хотод Израилыг эсэргүүцэгч иргэд Израилын Тель Авив хотоос ирсэн иргэний агаарын тээврийг бүсэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэрэг гарсан. Оросын аюулгүй байдлынхан тэднийг албадан тарааж, 60 орчим жагсагчийг баривчилж, 20 орчим иргэн албадан тараах ажиллагааны үеэр бэртэж гэмтсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремлиэс албан мэдэгдэл гаргалаа. Үүндээ Дагестанд болсон явдал бол барууны өдөөн хатгалгаар гарсан хэрэг гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Жагсагчид Тель Авиваас ирсэн онгоцыг бүслэхдээ Израил иргэдийг хайж, заналхийлж байсан талаар мэдээний агентлагууд үзүүлж байсан юм. Оросын аюулгүй байдлынхан тэднийг албадан тараасан даруйдаа нисэх онгоцны буудлыг хааж, Даваа гарагийн өглөө эргэн нээсэн байна. Мөн Израилаас Умард Кавказ руу чиглэлтэй нислэгүүд Дагестаны Махачкала биш өөр хотууд руу түр хугацаанд чиглэлээ өөрчилж нисэхээр зохицуулсныг Оросын иргэний агаарын тээврийн агентлагаас мэдээлсэн. Онгоцонд байсан зарим Израил иргэдийн хэлж байгаагаар жагсагчид онгоцноос бууж байсан зорчигчдоос нэг бүрчлэн Израил уу, палестин уу гэдгийг нь асууж байсан байна. Аз болоход Израилын зорчигчид орос хэл мэддэг байсан нь аминд орлоо гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Дагестан бол Оросын Холбооны нэг муж улс, Умард Кавказад Халимаг улстай хиллэн оршдог, олонх нь мусульман шашинтай муж улс юм. Тэгвэл энэ жагсаалтай холбоотой Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков гадны нөлөөтэй жагсаал гэсэн мэдэгдэл гаргасан байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж, Дагестаны жагсаалд барууны орнуудын өдөөн хатгална бий гэсэн мэдэгдэл гаргасан байна.
Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч ”Дэлхий дахин Ойрх Дорнодын асуудал яаж эхэлснийг сайн мэднэ. Израилын ард иргэд рүү алан хядагч бүлэг халдаж, байж болшгүй зүйл хийсэн. Гэвч тэр алан хядагч бүлэгт хариуцлага тооцож, шийтгэл амсуулахын оронд өш хонзон авахыг урьтал болголоо. Өнөөдөр Газын зурваст өрнөж буй хүмүүнлэгийн хямралаас ашиг хонжоо хүртэх хүмүүс бол АНУ болон түүний холбоотон улсууд юм гэдгийг бид харж байна. Дагестанд болсон хэрэг ч мөн барууны орнуудын тагнуулын үйл ажиллагааны өдөөн хатгалга дор болсон явдал гэж манай улс үзэж байна” хэмээн ярилаа.
Ерөнхийлөгч Путины гаргасан энэ мэдэгдлийг АНУ-ын зүгээс ор үндэсгүй, нотлох баримтгүй, байж боломжгүй гүтгэлэг гэж үзэж байгаагаа мөн өнөө илэрхийллээ. Цагаан ордны зүгээс Оросын улсад нь ямар нэгэн асуудал болоход бусад улсыг буруутгадаг байр суурийг ямагт илэрхийлдэг. Энэ удаагийнх ч ялгаагүй, цэвэр үзэн ядалт дээр суурилсан гүтгэлэг гэж мэдэгдсэн юм. Харин Израилын зүгээс ОХУ-ын удирдах дээд байгууллагыг Израилын ард иргэдийг өөрийн улсдаа аюулгүй байдлыг нь хамгаалж, Дагестанд болсон шиг явдал дахин гаргуулахгүй байхыг хүссэн байна.
Кремль: Дагестанд болсон жагсаалд барууны орнууд буруутай | ||
Үзсэн: 2555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.