
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын бүтээмж 10-р сард тооцоолоогүй хэмжээгээр уналттай гарсныг Үндэсний статистикийн хорооноос нь гаргасан байна. Эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Худалдан авалтын менежерийн индексийн дагуу Хятадын 10-р сарын бизнесийн үйл ажиллагаа 49,5 хувьтай гарсан байна. 9-р сард 50,2 хувьтай гарч байсан юм. Ерөнхийдөө энэ худалдан авалтын менежерийн индекс гэдэг нь аливаа улсын эдийн засгийг 50 хувийн дунджаар зааглаж, 50-иас дээш, доош хэр хэлбэлзэхээс хамаарч, эдийн засаг тэлж байна уу, агшиж байна уу гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл Хятадын эдийн засаг, тэр дундаа аж үйлдвэрийн салбар 10-р сард агшилттай гарсан байна. Энэ тоон мэдээллээс харахад Хятад улс 2024 онд ч гэсэн дотоод болон гадаадын зах зээлд эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгарна гэж эдийн засагчид үзэж байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны хувьд Хятадын бодлого тодорхойлогчид эдийн засгаа тэлэхийн тулд бодлогоор сайтар дэмжиж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, гадны эрэлт муу байгаа зэргээс голчлон шалтгаалж эдийн засаг агшиж байна гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Эдийн засгийн агшилтад дан ганц аж үйлдвэрийн салбарын бүтээмж нөлөөлөөд байгаа юм биш, бусад салбар ч бас 10-р сард өмнөх сараасаа уналттай байна. Жишээлэхэд, үйлчилгээний салбар гэхэд 9-р сард 51,7 хувьтай байсан бол 10-р сард 50,6 болж, агшилтын зааг руу тун ойртсоныг харж болно. Түүнчлэн экспортын хэмжээ сүүлийн 10 жилд түүхэн доод түвшинд хүрч буурчээ.
Зарим эдийн засагчид үүнийг эдийн засгийн сэргэлтийн өмнөх уналт гэж харж байгаа ч одоогоор гадны эрэлт сэргэх төлөв ажиглагдахгүй байгаа гэж мөн бусад эдийн засагчид үзэж байна. Ерөнхийдөө Хятадын экспорт, импорт аль аль нь сүүлийн 8 сарын турш дараалан агшсан үзүүлэлттэй байна. Гадны эрэлт муу байж, экспортын хэмжээ бага байгаа нь аж үйлдвэрийн салбарын бүтээмж буурахад мөн нөлөөлж байгаа юм. Гадны зах зээлээс захиалга бага орж ирснээр үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс зайлсхийх нөхцөл болж байна. Үүнээс гадна зах зээлийн эрэлт муу байгаагаас үйлдвэрийн үнэ 10-р сард эрс буурсан. Үүнийг дагаад аж үйлдвэрийн салбарын гол түүхий эд болох өнгөт металлын үнэ мөн буурсан үзүүлэлттэй байна.
Хятад улс дэлхийн нийт өнгөт металлын хэрэглээний тал хувийг дангаараа эзэлдэг. Хятад улсын эдийн засаг цар тахлаас хойш хэсэгхэн зуур өсөөд, түүнээс хойш ямагт уналттай байгаа. Үүнтэй тэмцэхийн тулд өнгөрсөн 6-р сараас хойш бодлого тодорхойлогчид олон янзын арга хэмжээ авсаар байгаагийн дотор бодлогын хүүг аажмаар бууруулах, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төсөв мөнгөний зөөлөн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх зэрэг багтаж байна.
Гэхдээ зарим олон улсын шинжээчид Хятадыг эдийн засгаа тогтворжуулахын тулд ирэх онд Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийн төлөвөө 3 хувиас доогуур гаргахыг зөвлөж байгаа юм байна. Ингэснээр Хятадын засгийн газар эдийн засгаа сэргээх хангалттай бонд гаргаж чадна гэж харж байгаа юм байна.
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын бүтээмж уналттай гарлаа | ||
Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.