Шууд Chart

Пакистан Афганы дүрвэгчдийг эх орон руу нь албадан буцааж эхэллээ

2023-11-01 15:48:36

Талибан бүлэг Афганистаны төрийн эрхийг булаан авснаас хойш 600 мянга орчим Афган үндэстэн улсаасаа дүрвэн гарч, хөрш зэргэлдээ Пакистан улсад орогнож эхэлсэн. Тэднээс гадна Пакистанд хууль бусаар оршин суудаг Афган иргэдийн тоо 2 саяд хүрдэг. Тэгвэл Мягмар гарагт Пакистаны засгийн газраас хууль бусаар хил даван орж ирсэн иргэдийн орогнох хугацаа дуусгавар болж байгааг мэдэгдэж, Афган иргэдийг эхнээс нь эх орон руу нь буцааж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Афганы дүрвэгсэд ачааны машин, автобус зэрэгт суун хилээр гарахаар Пакистаны хил дээр хүлээж байгаа юм байна.

Пакистаны засгийн газрын гаргасан шилжих хөдөлгөөн хориглох тухай шинэ хуулинд зааснаар дан ганц Афганчууд ч биш, бичиг баримтгүй, бүртгэлгүй бүх иргэд Пакистаны нутаг дэвсгэрийг заасан хугацаанд орхих ёстой болж байгаа юм байна. Заасан хугацаанд улсаас гарахгүй бол баривчлах, албадан хөөж гаргах зэрэг арга хэмжээ авна гэж тусгасан байна. Гэхдээ мэдээж Пакистан дахь хууль бусаар оршин суугаа иргэдийн тоогоороо Афганистан улс тэргүүлдэг гэдэг утгаараа энэ хууль Афганчуудад хамгийн их хамаатай гэдгийг ажиглагчид хэлж байна.

Пакистаны энэ шинэ хуулийг НҮБ-ын агентлагууд, хүний эрхийн байгууллагууд, мөн Афганистаны Талибаны засгийн газар ихээхэн шүүмжилж байгаа юм. Тодруулбал, Пакистаны засгийн газрыг Афганы орогнол хүсэгч дүрвэгчдэд онцгой харгис хандаж, заналхийлж байгаа нэг хэлбэр гэж зарим хүний эрхийн байгууллага үзсэн байна. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас Пакистан улс Афганчуудыг хилээр албадан гаргах хугацаа зааснаа болиулж, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагтай хамтарч ажиллахыг шаардсан байна. Харин Пакистаны засгийн газрын зүгээс Афганчуудад төвлөрч ийм шийдвэр гаргаагүй гэсэн байр суурийг илэрхийлж, мөн Афганистаны одоогийн засгийн газрыг хоёр улсын хилийн орчимд Талибан тэргүүтэй цэргийн хүчнүүдийг хилээр олон давтамжтай орж гарч, Пакистаны аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгааг зохицуулсангүй гэж буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Харин Талибаны засгийн газраас талибаны цэргүүд Пакистаны хилийг нэвтрээгүй гэж эсэргүүцсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пакистан Афганы дүрвэгчдийг эх орон руу нь албадан буцааж эхэллээ  
Үзсэн: 435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй