
Хүмүүс наанаа сахар хорт хавдар үүсгэнэ гэж ярьдаг ч цаанаа амт л хүсч байдаг. Тиймээс сахар гэж юу гэдгийг ойлгож, зохистой хэрэглээг л хэвшүүлэх хэрэгтэй. Хүмүүс амт хүсдэг болохоор л ундаанд сахар нэмээд байгаа хэрэг.
Энерги, шим тэжээлийн нэгж бол яах аргагүй сахар, глюкоз мөн. C12H22O11 гэсэн химийн томьёогоор томьёологдох энэ бодисыг энэтхэгчүүд анх цэврээр нь талсжуулан хүнсэнд хэрэглэсэн цагаас хойш дэлхий нийтэд тархан, амттанд дурлагч хүн төрөлхтний гол хүнсний хэрэглээний нэг болсоор өдийг хүрчээ.
18-р зууныг хүртэл сахар тансаг хэрэглээнд тооцогдож байсан болохоор энэ бодисын төлөөх дайн тулаан ч бишгүй нэг болж, нишингэ манжин тариалахад боолын хөдөлмөр цэцэглэж байсан гэдэг.
Сахароз нь глюкоз, фруктозын молекул тэнцүү хэмжээгээр агуулдаг цэвэршүүлэн гаргаж авсан органик нэгдэл, нүүрсус юм.
Байгаль дээр фотосинтезын (гэрэл нийлэгжилт) процессын үр дүнд үүсдэг бодис тул олон ургамал ногоо, жимс жимсгэнэд агуулагддаг.
Үүний дотроос чихрийн нишингэ, чихрийн манжинд өндөр агууламжтай байдаг тул уг ургамлыг тариалж, боловсруулан цэвэршүүлж тэр нь та бидний ширээн дээр ёотон болж ирдэг байх нь.
"Refined" буюу цэвэршүүлсэн сахарозын талст нь өөр ямар нэгэн бодис, микро элемент агуулдаггүй, химийн хувьд цэвэр, усанд болон ходоодны шингэнд амархан уусч глюкоз, фруктоз болж задардаг ба бодисын солилцоонд 1 грамм сахароз 3.9 ккалори энерги болон хувирдаг.
Хоол тэжээлээр авсан сахароз бодисын солилцоонд орж, шаардлагатай энерги үүсгэж, илүүдсэн нь булчин болон элгэнд нөөцлөгддөг. Илүүдвэл дараа нь хэрэглэх гээд бие махбод хүртэл зохицуулж байдаг байна.
Огцом дасгал хөдөлгөөн хийсний маргааш булчин хөндүүрлэдгийг бид мэднэ. Энэ нь булчинд хуримтлагдсан байсан чихэр сүүний хүчил болж исэлдэн, улмаар булчингаар өвдөх мэдрэмж төрүүлж байгаа хэрэг.
Сахарын хэрэглээ бүр хэтрээд ирвэл өөх тос болон хувирч таргалалт үүсч эхэлдэг. Зарим хүн чихэр иддэггүй мөртлөө таргаллаа гээд гайхаж магадгүй юм. Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Бидний хэрэглэж байгаа үр тариа, гурилан бүтээгдэхүүн болон жимс ногоо сахароз биш юм аа гэхэд цардуул заавал агуулдаг. Цардуул сахароз хоёрын задралын эцсийн бүтээгдэхүүн (глюкоз) адилхан байдаг тул та чихэр иддэггүй гэж зөрүүдлээд нэмэргүй.
Цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг өвчтэй хүмүүс мэдээж сахар хэрэглэх хориотой байдаг. Гурил, будаа гэх мэт цардуул агуулсан бүтээгдэхүүний задралын эцсийн бүтээгдэхүүн нь сахартай ялгаагүй тул мөн хориотой. Ийм хүмүүст зориулж, мөн бүтээгдэхүүний сахарын агууламжийг бууруулахын тулд уургийн гаралтай олон төрлийн сахар орлуулагчийг хэрэглэж болдог. Адилхан чихэрлэг амттай мөртлөө сахар биш. Аспартам, сахарин, ксилитол гээд цааш хөвөрнө.
Өнөөдөр сахар хүнсний бараг бүхий л төрлийн үйлдвэрлэлийн гол болон туслах түүхий эдийн нэг болж байгаа ба өдөр тутмын хэрэглээний олон бүтээгдэхүүний орц найрлагад янз бүрийн үүрэгтэйгээр ордог. Хамгийн гол үүрэг нь амтлаг болгох. Хоёрдугаарт нөөшлөх, гуравдугаарт ашигтай бактери агуулсан бүтээгдэхүүний тэжээлт орчин болох гэх мэтчилэн.
Сүү, янз бүрийн жимсний шүүс, чанамалд тухайн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор сахар хийдэг. Энэ нь сахарын уусмалын осмос (нэвчих) даралттай холбоотой байдаг. Зөгийн балыг мэднэ биз дээ. Байж л байдаг. Муудахгүй. Энэ нь тухайн баланд хугацаа уртасгах бодис хийсэнд бус, их концентрацитай чихрэнд угаасаа өнөөх "гайхлууд чинь" үржиж чаддаггүй. Жимсний чанамал, лаазтай молоконд ийм зорилгоор л сахар хэрэглэдэг.
Сахароз нь цардуулаас илүү уусч задардаг тул гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд исгэх процессыг сайжруулах, түргэтгэхийн тулд мөн хэрэглэдэг. Чихэрний амтгүй талхны зуурмагт ч бага зэргийн сахар хийхэд маш хурдан хөөдөг. Сахартай усаар гурил зуурах, сахаргүй усаар гурил зуурах ямар ялгаатайг та туршаад үзэж болно.
Мөн янз бүрийн ашигтай бактери агуулсан тараг, пробиотик бүтээгдэхүүнд сахар хийдэг учир нь тухайн бактериуд таны ходоодонд ортлоо саван дотроо чихрээр хооллоод амьд байж байдаг хэрэг. Үүнийг тэжээлт орчин гэж нэрлээд байгаа юм.
Тэгвэл сахар яагаад "хор" болчихов. Зарим "ухаантай" хүмүүс хэлэх байх. Энэ бодисоос болж таргалалт, түүнээс үүдэх олон төрлийн өвчин эмгэг, наад зах нь шүд цоорох, цаашлаад чихрийн шижин, тулай, хавдар хүртэл үүсгэж байна гэж. Нэг өнцгөөс харвал зөв. Үнэхээр зохицуулгагүй хэрэглэвэл ийм байдалд хүргэж мэднэ.
Түрүүн хэлсэнчлэн сахар ихэдвэл өөх тос болон биед хуримтлагдаж, хүн таргалдаг. Үүнээс шалтгаалсан маш олон төрлийн өвчлөлүүд бий болно. Амны хөндийд үлдсэн сахар бактерийн нөлөөгөөр исэлдэж сүүний хүчил үүсгэж, шүдний эрдсийг уусгаад, цоолж орхидог. Цоорхой шүдтэй хүний эрүүл мэнд яаж олигтой байх вэ. Гэхдээ би арай өөр өнцгөөс хардаг.
Зай гарвал чихэртэй юм идээд, завсар гарвал ундаа уугаад байвал ийм үр дүнд хүргэж болох юм. Энэ бол үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүндээ сахар ихээр хэрэглэж байна гэж шүүмжлэхээс илүү хүн болгон хүнсний боловсролоо нэмэгдүүлээд идэвхтэй амьдарч чадвал сахар нэг их айгаад, тэвдээд байх зүйл биш.
Сахар хийхгүй бол амт муутайг нь гайхаад авахгүй, хийхээр нь "хор найрууллаа" гэж шүүмжилнэ. Хэрэглэгчид сахар ихэдвэл ямар үр дагаварт хүрдгийг, түүнээс хэрхэн сэргийлж болдгийг мэдээд тааруулж хэрэглэх юм бол үйлдвэрлэгчид хүссэн, хүсээгүй бууруулах чиглэлд л явна.
Хүнсний инженер О.Гал-Очир
Сахараас бид "айх" ёстой юу | ||
Үзсэн: 8806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.