
Израил-Хамасын дайн эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа анх удаа Газын зурвас болон Египет улсын хилийн Рафа боомтоор гадны паспорттой иргэд болон хүнд бэртэж гэмтсэн Палестины иргэдийг гаргаж эхэллээ. Одоогийн байдлаар 400 гаруй хүн Рафа боомтоор Египет рүү гарсан байна. Үүнээс 320 орчим нь гадны иргэд гэсэн мэдээлэл байна. АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдены зүгээс Рафа боомтоор хүмүүсийг хил нэвтрүүлж байгаа нь дипломат бодлого эрчимтэй явуулсны үр дүн гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Рафа боомтоор хил нэвтэрсэн гадны иргэд дотор АНУ, Австрали, Их Британи, Япон зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс байна. Түүнчлэн хүмүүнлэгийн байгууллагын 20 орчим сайн дурын ажилтан мөн Рафа боомтоор гарсан байна. Нийт 400 гаруй хүн Газын зурвасыг орхиод байгаа ч одоогоор Газын зурваст 2 сая гаруй иргэн, 300 сайн дурын ажилтан, эмч нар үлдсэн байгааг мэдээлж байна. Газын зурвасын хилийн дотор одоо ч нөхцөл байдал хүнд хэвээр байгааг хүмүүнлэгийн байгууллагууд хэлж байна. Израилын зүгээс Газын нутаг дэвсгэр дээрх интернэт болон гар утасны үүрэн телефоны сүлжээг тасалсан тул Газын зурваст байгаа 2 сая гаруй иргэн харилцаа холбооны ямар ч хэрэгсэлгүй боллоо гэж мэдэгдсэн байна. Газа, Египетийн хилийн орчимд олон улсын сим карттай бол сүлжээ орж магадгүй гэж албаныхан мэдэгдлээ. Газын зурвас дахь нөхцөл байдлыг тодруулбал, Одоогийн байдлаар Газын зурваст 13 эмнэлэг ажиллаж байна. 10-р сарын 7-оос өмнө 35 эмнэлэг байсны талаас илүү нь бөмбөгдөлтөд өртөж сүйдсэн байна. Эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу байгааг мөн Газ хотын эмнэлгүүдээс мэдэгдсээр байна.
Ундны усны тухайд Газын зурвасын Израилаас ус татдаг гурван шугамын хоолой эргэн ажиллаж эхэлснийг мэдээллээ. Гэхдээ одоогоор Газын зурвасын хэрэгцээг хангаж чадахгүй байна гэдгийг давхар дурдсан. Тог цахилгаан одоо ч байхгүй, эмнэлгүүд генератораар ажилласан хэвээр байна. Ус, хоол хүнс, эмнэлгийн тусламжийн бараа ачсан 59 ачааны машин өчигдөр Рафа боомтоор нэвтэрсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 217 тусламжийн ачааны машин Газад нэвтэрсэн байна. Нөхцөл байдал ийм үед Израилын хуурай газрын хүч Газын зурваст тулж ирсэн, байлдааны ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн гэсэн мэдээлэл өглөө. Мөн Мягмар гарагийн шөнө бөмбөгдүүлсэн Жабалиа дүүрэг өнгөрсөн шөнө дахин бөмбөгдөлтөд өртсөн байна. Жабалиагийн дүрвэгсдийн хуаранг удаа дараа бөмбөгдөж байгаа явдлыг НҮБ-ын хүний эрхийн хорооноос “энэ хүч тэнцвэргүй дайралтууд бол дайны гэмт хэрэгт тооцогдохуйц хэрэг мөн” гэсэн байр суурийг цахим хуудсаар дамжуулж илэрхийлсэн байна. Гэвч Израилын батлан хамгаалах сайд Йоав Галлант олон улсаас эсэргүүцэлтэй тулсан ч хамаагүй цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн Газын зурвасын эмнэлэг, дүрвэгсдийн хуаранг бөмбөгдөж байгаа талаараа Израилын хэвлэлийн төлөөлөгч батлан хамгаалах хүчний байр суурийг илэрхийллээ.
Даниэл Хагари Израилын БХА-ы хэвлэлийн төлөөлөгч “Египет улсын зүгээс шархадсан өвчтөнүүдийг хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн нь талархууштай хэрэг. Манай улс энэ завшааныг ашиглан аль болох олон энгийн иргэнийг Газын зурвасаас нүүлгэн шилжүүлэхэд анхаарах болно. Манай улсын зүгээс Газын зурвас дахь эмнэлгүүд, Хамас бүлгийнхний нуувч байж болзошгүй орогнох газруудыг үргэлжлүүлэн бөмбөгдөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэвэл Хамас бүлэг ложистикийн хувьд эмзэг газруудыг сонгож байрладаг. Тэд энгийн иргэд, эмч нарыг бамбайгаа болгож, ойрхон байрлаж байна. Бид энгийн иргэдийг гэмтээхийг хүсэхгүй. Гэхдээ Хамас бүлгийн бааз суурийг устгах нь бидний зорилго” хэмээн онцолжээ.
Израилын батлан хамгаалах арми дайралтаа зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа энэ үед Израил улсын ерөнхийлөгч Исаак Херцог Израилын талын явуулж байгаа үйлдлийн гол зорилго нь Хамас бүлгийн барьцаанд байгаа 239 иргэнийг суллах гэсэн албан мэдэгдэл гаргасан байна. Мөн дайсагнагч Хамасын тал цэрэг зэвсгийн дайнаас илүүтэй сэтгэл зүйн дайн хийхийг урьтал болгож байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Газын зурвасаас гадаадын болон бэртэж гэмтсэн Палестины иргэдийг анх удаа гаргаж эхэллээ | ||
Үзсэн: 1182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.