Шууд Chart

АНУ-ын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөсөнгүй

2023-11-02 16:31:27

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ энэ сард өсгөхгүй байхаар шийдвэрлэснээ зарлалаа. Одоогийн бодлогын хүүгийн хэмжээ АНУ-ын түүхэнд сүүлийн 22 жилд байгаагүй хамгийн өндөр хувь. Өнгөрсөн 7-р сард 5,25-аас 5,5 хувийн хооронд хэлбэлзэж байхаар тогтоод, түүнээс хойш өсгөөгүй байгаа нь энэ юм. Бодлого тодорхойлогчид одоогоор Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөхгүй байгаа нь инфляцыг барьж чадсан, эсвэл эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарах магадлалтай гэсэн утгатай юу гэдгийг хараахан тодорхойлох боломжгүй байна гэж мэдэгдсэн байна.

Холбооны нөөцийн сангаас энэ шийдвэрийг хоёр өдрийн турш хуралдаж гаргалаа гэж мэдэгдсэн байна. Нөөцийн сангийн тэргүүн Жером Пауелын хэлж байгаагаар одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөв урьдчилан тааж хэлэх боломжгүй тодорхойгүй байна гэж мэдэгдсэн юм. Холбооны нөөцийн сангаас инфляцын өсөлтийг бууруулахын тулд өнгөрсөн оны 3-р сараас эхэлж 11 удаа бодлогын хүүгээ өсгөсөн. Гэхдээ сүүлийн хэдэн сар инфляцын өсөлт тогтворжсон байгаа тул бодлогын хүүг 5,5 хувь дээрээ барьсаар байна.

Гэхдээ инфляцын өсөлтийг тогтворжуулах үйл явц дундаа саатвал нөөцийн сангийнхан бодлогын хүүгээ дахиж өсгөж магадгүй гэж Жером Пауел хэвлэлийн бага хурал дээр дурдсан байна. Одоогоор АНУ-д инфляцын түвшин 3,7 хувь байгаа. Гэхдээ Холбооны нөөцийн сангийн гол зорилго нь инфляцыг 2 хувьд хүргэх. Дэлхийн бусад томоохон эдийн засгуудтай харьцуулахад АНУ-ын эдийн засаг харьцангуй тогтворжсон. Энэ явцаа алдалгүй, ажил эрхлэлт, амьжиргааны түвшинг нааштай байлгаж чадвал зорилтот түвшиндээ хүрч магадгүй гэж эдийн засагчид харж байна. Бодлогын хүүг өсгөх эсэх шийдвэрт нөлөөлөх бас нэг хүчин зүйл нь Засгийн газрын бондын өгөөж Жером Пауэл дурдлаа. Засгийн газрын бондын өгөөж өндөр байснаар банкуудын зээлийн болон хадгаламжийн хүү дагаад өснө. Үүний нөлөөгөөр иргэд, бизнес эрхлэгчид зээл авах нь багасаж, мөнгөө хадгалах нь нэмэгдэнэ. Ингэснээр нийт эргэлдэх мөнгөний хэмжээ багасч, инфляц хэтдээ буурах төлөвтэй юм. Одоогийн эдийн засгийн тогтвортой байдалд энэ үйл явц чухал нөлөөтэй байна гэдгийг Жером Пауел онцоллоо.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөсөнгүй  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй