Шууд Chart

БНХАУ банк санхүүгийн салбарт тавих хяналтаа чангатгана

2023-11-02 16:36:35

Таван жилд нэг удаа болдог Хятадын санхүүгийн бодлогын бага хурал энэ долоо хоногт 2 өдрийн турш болж өнгөрлөө. Уг хурал дээр Хятадын банк санхүүгийн салбарт өсөн нэмэгдэж байгаа өрийн асуудал, болзошгүй санхүүгийн эрсдэлүүдийг цэгцлэхийн тулд Хятадын Коммунист Нам санхүүгийн салбар дахь хяналтаа нэмэгдүүлж, төвийг сахисан, нэгдсэн удирдлагын системийг энэ салбарт шигтгэж өгнө гэсэн шийдвэрт хүрсэн байна. Хуралд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Цян нар оролцсон байна. Түүнчлэн дотоодын эдийн засаг уналттай, олон улсын геополитикийн асуудал тогтворгүй байгаа энэ үед эдийн засгаа хэрхэн ямар шинэлэг байдлаар тэлж болох эсэхийг хэлэлцсэн гэж хэвлэлүүд дурдлаа.

Товлосон хугацаа ёсоор бол энэ хурал өнгөрсөн жил болох ёстой байсан ч нэг жилээр хойшилж болж байгаа нь энэ юм байна. Ирэх таван жилд санхүүгийн салбарыг шинэчлэхийн тулд Ши Жиньпин болон Хятадын Коммунист намынхан хамгийн их өрийн асуудалтай байгаа үл хөдлөхийн салбарт шинээр өр үүсгэхгүй байх тал дээр анхаарч, засгийн газрын өрийг бууруулан, санхүүгийн салбарт нүүрлээд буй авлига, хээл хахуулийн асуудлыг таслан зогсооно гэж төлөвлөж байгаа юм байна.

Одоогоор Хятадын засгийн газарт үүсээд байгаа өр 12 их наяд доллароор хэмжигдэж байна. Хятад улс энэ оны 3-р сараас эхэлж, банк санхүүгийн салбар дахь төрийн хяналт зохицуулалт хангалтгүй байгаа талаар илэрхийлж, Санхүүгийн төв хороо байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан. Энэ удаагийн санхүүгийн бодлогын бага хурлаар энэ шийдвэрээ баталгаажуулж байна гэж шинжээчид харж байна. Төрөөс санхүүгийн салбарт тавих хяналт зохицуулалтынхаа хүрээнд мөнгөний оновчтой бодлого баримтлах, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээ баяжуулах, технологийн салбарын хөгжил дэвшлийг дэмжихийн тулд санхүүгийн эх үүсвэрээ солонгоруулах, аж үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, ногоон хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, юанийн ханшийг тогтвортой барих зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөөд байгаа юм байна.

Мөн капиталын зах зээлийн төвүүд, санхүүгийн салбарын томоохон бизнес эрхлэгч компаниудыг чанаржуулах тал дээр анхаарна гэж мэдэгдсэн байна. Санхүүгийн салбар дахь төрийн хяналтыг нэмэгдүүлж, хээл хахуулийн асуудлыг цэгцлэх нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэг хэлбэр гэж тус хуралдаан дээр мөн дүгнэсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын авлигатай тэмцэх газар болон Хятадын Коммунист намын шийдвэр гаргах байгууллага энэ салбарын авлигын асуудлаар Хятадын төв банкны ерөнхийлөгч асан Лю Лянь Гө тэргүүтэй хэд хэдэн санхүүгийн салбарын нөлөө бүхий хүмүүсийг баривчилж, хэрэг үүсгэсэн.

Мөн банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарын ажил эрхлэгчдийн хэт хөрөнгөжүү байдлыг шүүмжилж, зарим ажилчдын цалинг бууруулах арга хэмжээ ч авсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ банк санхүүгийн салбарт тавих хяналтаа чангатгана  
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй