
Израил-Хамасын дайн эхлээд бараг сар шахам хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд Израилын тал Газын зурваст дайралтаа улам нэмэгдүүлж, хуурай замын хүчээ ч нөөн довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.
Израилын талын зорилго бол Хамас бүлгийг устгаж, барьцаанд байгаа иргэдийг суллуулах. Гэвч өнгөрсөн хугацаанд Газын зурваст амиа алдсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 9000 давсныг Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Өчигдрийн байдлаар Газын зурваст амиа алдсан хүний тоо 8800-аар хэмжигдэж байсан нь амь үрэгдэгсдийн тоо хоногт 200-аар буюу маш өндөр тоогоор нэмэгдэж байгааг харуулж байна гэж олон улсын хэвлэлүүдээр ярьж, бичиж байна.
Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Газын зурваст үйл ажиллагаа явуулдаг байсан НҮБ-ын харьяа сургуулийн 4 барилга бөмбөгдөлтөд өртөж нурсан талаар НҮБ мэдээллээ.
Энэ сургуулийн байруудад орох оронгүй болсон иргэд толгой хоргодож байсан. Бөмбөгдөлтийн улмаас НҮБ-ын сургуулийн байруудад наанадаж 20 хүн амиа алдлаа гэдгийг мөн дурджээ.
Израилын агаарын бөмбөгдөлт үргэлжилж, өдөр бүр амиа алдагсдын тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед Хамас бүлгийн барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхэн “Энэ бөмбөгдөлтүүд гэр бүлийнхнийг нь суллаж чадахгүй” гэсэн үзэл бодолтой байгаагаа илэрхийлж, BBC агентлагт ярилцлага өгсөн байна.
Хамас бүлэгт гэр бүлээ барьцаалуулсан Уди Горены хэлж байгаагаар Израилын иргэд Хамас бүлэг барьцааны иргэдийг суллана гэсэн итгэл төрөхгүй байна. Гэхдээ мөн Израилын Засгийн газарт ч энэ их хэмжээний бөмбөгдөлт явуулж байгаад сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлсээр байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилын талынхантай уулзаж, Газын зурвас дахь иргэдийн хохирлын хэмжээг багасгах талаар хэлэлцэхээр Тель Авивын зүг очиж яваа. Газын зурвасын асуудал мөн хилээсээ хальж, бүс нутгийн орнууд Израилыг эсэргүүцэж, дайнд татагдан орох эрсдэл өндөр байгаа тул бүс нутгийн Арабын орнуудын удирдагчидтай ч мөн энхийг сахиулах асуудлаар энэ амралтын өдрүүдэд хэлэлцэх төлөвтэй гэж Энтони Блинкений алба мэдээлсэн.
Түүний айлчлалтай зэрэгцэн Израилын тал Газын зурвасыг хуурай замаар бүрэн бүсэлсэн гэдгээ мэдэгдлээ. Израилын талаас дайныг зогсоохгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогссоор байна. Мөн НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Газын зурваст болж байгаа үйл явдлыг геноцит гэж тодорхойлж байгаа явдлыг Хамас бүлгийн сэнхрүүлэгт автаж, сэтгэл хөдлөлөөр ийм дүгнэлт хийж байна гэж буруутгасан байна.
Мөн Хамас бүлгийг иргэдээр бамбай хийж, тусламжийн барааг террорист ажиллагаандаа ашиглаж байгаа гэж буруутгасаар байгаа юм. Тэгвэл Хамас-Палестины талыг дэмжигч Хезбола бүлэг Израил руу явуулах дроны үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн.
Гэхдээ Хезбола болон Израилын тал аль аль нь учирч болзошгүй хохирлоос сэрэмжилж, шууд нэг нэгэн рүүгээ их хэмжээний довтолгоо хийхээс зайлсхийн, хилийн орчимд мөргөлдөөн үргэлжилж байгаа гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.
ГАЗА: Амиа алдсан хүний тоо 9000 болж нэмэгдэв | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.