Шууд Chart

АНУ-аас Израилд санхүүгийн тусламж үзүүлэх саналыг Сенатын танхим эсэргүүцэв

2023-11-03 15:30:52

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Израил улсад 14 тэрбум долларын тусламж үзүүлэх төсвийн хуулийн төслийг баталсан боловч Сенатын танхимаас энэ тогтоолыг үл зөвшөөрч, Цагаан ордны зүгээс ч мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Цагаан ордны зүгээс Украинд болон өөр бусад гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд зориулагдах төсөв энэ хуульд багтаагүй гэдэг шалтгаанаар эсэргүүцэж буй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Конгрессоос Израил, Украин болон өөр бусад орнуудад тусламж үзүүлэх 106 тэрбум долларын төсөв батлахыг хүссэн байсан юм.

Израилд 14 тэрбумын тусламж үзүүлэх энэ төсвийн хууль нь өнгөрсөн долоо хоногт шинэ даргатай болоод байсан Төлөөлөгчдийн танхимын баталсан анхны хууль байсан ч Сенатаас дэмжигдсэнгүй.

Төлөөлөгчдийн танхим дотроо бол энгийн олонхын саналаар буюу 435 гишүүнээс 226 санал авч, дэмжигдсэн байсан юм байна.

Гэхдээ энэ дэмжсэн 226 саналын 214 нь Бүгд найрамдах намын гишүүдийн санал байсан байна.

Төлөөлөгчдийн танхимын төсвийн хуулийн төслийг эсэргүүцсэн Сенатын танхимын гишүүн Чак Шумер хэлэхдээ хуулийн төслийг дэмжих хоёр намын гишүүдийн саналын тоо ойролцоо байсан тохиолдолд мөн төсөв нь олон асуудлыг хамруулж чадсан байж гэмээнэ хуулийн төслийг батална гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын парламентын хоёр танхим ийнхүү хоорондоо зөрчилтэй байгаа энэ цаг үед Конгресс аливаа нэн яаралтай асуудлаар төсөв баталтал дахиад хэдэн долоо хоног зарцуулах төлөвтэй байна гэж ажиглагчид үзэж байна.

Хоёр танхим зөрчилтэй байгаагийн бас нэг шалтгаан нь Төлөөлөгчдийн танхимын дийлэнх олонх нь Бүгд найрамдах намынх, харин Сенатын танхимын дийлэнх олонх нь Ардчилсан намынх тул хоорондоо зөрчилтэй байна гэж ажиглагчид үзэж буй юм байна.

Төлөөлөгчдийн танхимаас баталсан Израилд тусламж үзүүлэх хуулийн дотор бас нэг шүүмжлэлтэй тулж байгаа зүйл нь тусламжийн 14 тэрбумын 4 тэрбумыг нь зөвхөн Израилын батлан хамгаалах салбарын тоног төхөөрөмж буюу хамгаалалтын “Төмөр дээвэр” систем, ойрын зайн тусгалт пуужин, зарим зэвсэглэлд зориулна гэсэн агуулгыг багтаасан байна.

Израил улс 2016 онд 10 жилийн хугацаатайгаар АНУ-аас батлан хамгаалах салбарын технологио хөгжүүлэхээр аль хэдийн жил бүр 3.8 тэрбум долларын тусламж авдаг болсон.

Тиймээс зөвхөн Израилд мөнгөн тусламж үзүүлэх төсөв батлахыг Сенатын танхим эсэргүүцсээр байгаа юм.

Үүнээс гадна Төлөөлөгчдийн танхимын төсвийн хуулийн төсөлд 2022 онд Ерөнхийлөгч Жо Байдены баталсан Инфляцыг бууруулах тухай хууль зэрэг дотоодод зарцуулах төсвийн хөрөнгөөс танаж, Израилд тусламж олгох талаар дурдсан байсан нь Ардчилсан намын олонх бүхий Сенатын танхимын эсэргүүцэлтэй тулж байна.

Ардчилсан намын зүгээс Бүгд найрамдах намыг Израилын асуудлыг ашиглаж, улс төрийн оноо цуглуулах гэсэн арга сэдэж байна гэж шүүмжилж байгаа юм.

Мөн энэ төсвийн хуулийг баталчихвал АНУ-ын төсвийн алдагдал ойролцоогоор 30 тэрбумаар нэмэгдэнэ гэж харж байгаа юм.

Одоогоор АНУ-ын төсвийн алдагдал 1.7 их наяд доллараар хэмжигдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-аас Израилд санхүүгийн тусламж үзүүлэх саналыг Сенатын танхим эсэргүүцэв  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй