
Япон улс Газын зурвасын санаа зовоосон нөхцөл байдалтай уялдуулж Палестинчуудад 65 сая долларын нэмэлт хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэжээ. Израил, Иордан улсуудад айлчилсан Японы Гадаад хэргийн сайд Ёоко Камикава энэ тухай мэдээлснийг хэвлэлүүд уламжиллаа.
Япон улс дайны хөлд сүйдсэн Газын зурваст материаллаг тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд өнөөдөр Иорданд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ мөн мэдээлжээ. Тэрээр өмнө нь Тель-Авивт Израилын гадаад хэргийн сайд Эли Коэнтай, Рамалла хотод Палестины гадаад хэргийн сайд Риад Аль-Маликитай тус бүр уулзалт хэлэлцээ хийсэн байна. “Дахин эмгэнэлт алан хядах ажиллагаа гарахаас сэргийлэхийн тулд Израил, Палестин хоёр энх тайвнаар зэрэгцэн орших боломжтой байх шаардлагатай” гэдгийг Камикава сайд мөн тэмдэглэжээ.
Мөн хоёр улс байх шийдлийг Япон улс тууштай дэмжих болно гэдгийг Израилын болон Палестины засаг захиргааны Гадаад хэргийн сайд нарт нотлон илэрхийлснээ мэдээлжээ. ХАМАС бүлгийн үйлдсэн террорист халдлага дайралтуудыг мөн Япон улс зэмлэн буруутгаж, барьцааны хүмүүсийг нэн даруй суллаж, нөхцөл байдлыг аль болох хурдан түвшитгэхийн төлөө байр суурьтай байгааг сайд илэрхийлсэн байна. Япон улс “Долоогийн бүлгийн” гадаад хэргийн сайд нарын уулзалтыг ирэх 7 хоногт Токиод зохион байгуулах гэж байгаа үед Японы сайд ийнхүү Ойрх Дорнодод айлчилж байна.
Газын зурвасын хямрал улам хурцдаж, хүмүүнлэгийн зорилгоор дайн тулаанаа түр завсарлах олон улсын уриалгад Израил улс татгалзаж байгаагийн зэрэгцээ Ираны дэмжлэгийг авдаг Ливаны хэт үзэлт “Хезболла” бүлэг хямрал хэдийнэ хөрш орнууд руу тэлж өргөжсөн хэмээн анхааруулж байгаа үед түүний айлчлал болсныг хэвлэлүүд онцолсон байна.
Камикава сайд Израилын Газын зурваст өгч байгаа цохилтууд олон улсын эрх зүйд нийцэж байгаа эсэх тухайд тайлбар хийгээгүй байна. Харин дайтагч бүх тал хүний эрхийг хамгаалж, энгийн хүн амын дунд шаардлагагүй хохирол учруулахгүй байх ёстой гэж мэдэгджээ. Израил, Хамас-ын дайнд Япон улс төвийг сахихыг чармайж байгаа. Гэхдээ “байдлыг эргүүлэх” хэмжээнд ахиц гаргаж хүчрэхгүй боловч яриа хэлэлцээний боломж нээхийн төлөө Ойрх Дорнодын орнуудтай нягт холбоо харилцаагаа ашиглаж мэдэх юм гэж шинжээчид өмнө нь тэмдэглэж байсан юм.
Япон улс Палестинчуудад 65 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.