Шууд Chart

Балба улсад хүчтэй газар хөдөлсний уршгаар амь эрсэдсэн хүний тоо 150 давжээ

2023-11-05 12:20:17

Баасан гарагийн шөнө дундаас өмнөхөн Балбын баруун өмнөд бүсэд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Үүний уршгаар 150 гаруй хүн амь эрсдэж, хэдэн арван хүн гэмтэж бэртсэн мэдээ ирж байна. Алс бөглүү тосгон суурингуудтай зам харилцаа саатсан тул нарийвчилсан мэдээлэл авах боломж хумигдаж, хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүйг орон нутгийн албаныхан мэдээлж байгаа юм байна.

Жажаркот, Рукум зэрэг нийслэл Катманду хотоос 500-аад км зайтай алслагдмал бүсүүдэд хамгийн олон хүн нэрвэгдсэн байна. Балбын Ерөнхий сайд Пушпа Камаль гамшигт нэрвэгдсэн бүсэд ажиллахаар шуурхай хөдөлжээ. Мөн авран хайх ажилд цэргийнхэн болон аюулаас хамгаалах хүчнийхнийг дайчлан ажиллуулахыг үүрэгдсэн байна. Гэвч газар хөдлөлтийн улмаас хөрсний нуралт үүсэж замууд эвдэрсэн тул авран хайх ажлыг шуурхайлахад бэрхшээл тулгарч байгаа юм байна. “Икс” буюу хуучнаар твиттер нийгмийн сүлжээнд байршуулсан зарим зураг дүрс бичлэгт хүмүүс амьд нэгнээ гаргаж авахаар гэр байшингуудын нурангийг сэндийлж байгааг харж болохоор байгаа юм байна. Жажаркот аймгийн цагдаагийн дарга Сурег Сунар гамшгийн цар хүрээг бүрэн тодорхойлох мэдээлэл цуглуулахад амаргүй байгааг “Ройтерс”-т ярьжээ.

Балбын газар хөдлөлтийн хяналт судалгааны төв орон нутгийн цагаар баасан гарагийн 23 цаг 47 минутад 6.4 магнитудын газар хөдөлсөн гэж мэдээлсэн бол, АНУ-ын геологийн судалгааны алба 5.6 магнитудынх гэж үнэлсэн байна. Энэтхэг, Балбын хил орчмын бүсэд болсон энэ газар хөдлөлтийн доргилт чичирхийлэл энэтхэгийн нийслэл Шинэ Делид хүртэл мэдрэгджээ. Балба улсын байрладаг Хималайн уулс газар зүйн ихээхэн идэвхтэй бүсэд тооцогддог. Энэтхэгийн тектоник хавтан Евразийн хавтан доогуур жилд 2 сантиметр орчмын хурдтайгаар шурган байршихаас үүдэж олон давтамжтай газар хөдлөлт болдог байна.

Тодруулбал, 2015 онд Балбад 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж 9000 шахам хүн амь үрэгдэж, 22 мянга гаруй хүн гэмтэж бэртсэний дээр, 800 мянгаад барилга байшин нурж сүйдсэн байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балба улсад хүчтэй газар хөдөлсний уршгаар амь эрсэдсэн хүний тоо 150 давжээ  
Үзсэн: 1971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй