Шууд Chart

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл царцанги байдалд байна

2023-11-06 15:01:18

Өнгөрөгч 10-р сарын байдлаар АНУ-д шинэ ажлын байрны тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн тоо 3,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан нь 2022 оны 1-р сараас хойших ажилгүйдлийн хамгийн өндөр хувь болж байна. Үүнээс харахад АНУ-д хөдөлмөрийн зах зээл царцанги байдалд орсон нь илэрхий байна гэж шинжээчид дүгнэж байгаа юм байна.

Хөдөлмөрийн зах зээлийн энэ тайлангаас үзэхэд АНУ-ын Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөхгүй хэвээр хадгалж байгаа нь одоогийн нөхцөлд тохирох шийдвэр мөн гэдгийг улам баталгаажуулж байна гэж эдийн засагчид харж байна. Түүнчлэн уг тайланд өнгөрсөн сард дундаж цалин сүүлийн хоёр жилд хамгийн бага хэмжээгээр өссөн гэж харуулсан байна. Хөдөлмөрийн статистикийн хорооны гаргасан судалгаагаар 9-р сард 297  мянган шинэ ажлын байр нэмэгдсэн бол 10-р сард 150 мянган ажлын байр нэмэгдсэн нь нэг сарын дотор АНУ-д шинэ ажлын байрны тоо хэр багассаныг харуулж байна. Эдийн засагчид угтаа 180 мянган ажлын байр нэмэгдэх болов уу гэсэн урьдчилсан таамаглалыг гаргаад байсан ч энэ таамаглалд мөн хүрсэнгүй. Цаашилбал, 9-р сард хувийн аж ахуйн нэгжүүдийн 61 хувь нь шинээр ажилтан нэмж авсан бол 10-р сард 52 хувь нь л ажилд шинээр хүн авсан нь 2020 оны 4-р сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм.

Автомашин үйлдвэрлэгч компаниудын ажил хаялт нэмэгдсэн тул аж үйлдвэрийн салбар өргөн зургаараа 35 мянган боловсон хүчнээ алджээ. 9-р сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл түр зууртаа сэргэсэн. Гэвч 10-р сард эргээд буурч байгаа нь Төв банкнаас сүүлийн 2 жилд бодлогын хүүгээ олон жилийн дунджаас хамгийн өндөрт хүргэж өсгөсний урт хугацаан дахь нөлөө гэж шинжээчид харж байна. Гэхдээ сард дунджаар нэмэгдэж байгаа шинэ ажлын байрны тоо 100 мянгаас буугаагүй тул хөдөлмөрийн зах зээл уналтад орсон гэж хэлэх болоогүй гэдгийг давхар сануулж байна. Сүүлийн үед болоод байгаа ажил хаялтын үе өнгөрчихвөл энэ салбар эргэн сэргэнэ гэж таамаглаж байна гэж шинжээчид хүлээлт үүсгэсэн байгаа юм байна.

Аж үйлдвэрийн салбараас гадна салбар бүрээр нь авч үзвэл, өнгөрсөн сард ажлын байраа хамгийн их нэмэгдүүлсэн салбар нь эрүүл мэндийн байгууллагууд байна. Дараагаар нь 51 мянган шинэ ажлын байр нэмсэн засгийн газар, төрийн сектор орж байна. Барилгын салбар 23 мянган шинэ ажлын байр нэмсэн байна. Олон нийтийн үйлчилгээ, мэргэжлийн болон бизнесийн салбарын шинэ ажлын байр мөн боломжийн өсөлттэй байна. Зочлох үйлчилгээний салбарын шинэ ажлын байрны тоо харин сар бүрийн дунджаасаа эрс бага үзүүлэлттэй гарсан байна. Тээврийн салбар аж үйлдвэрийн салбарын нэгэн адилаар боловсон хүчнээ их хэмжээгээр алдсан байна. Холивүүдийн одод мөн ажил хаяж байгаатай холбоотойгоор хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар мөн олон ажлын байраа алдсан байна. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн царцанги байдлыг харах юм бол АНУ-ын Төв банк ирэх 12-р сар, 1-р сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй, хэвэнд нь хадгалах болов уу гэж санхүүгийн салбарынхан хүлээлт үүсгээд байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл царцанги байдалд байна  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй