Шууд Chart

Монголын уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг цаг улиралтай уялдуулахыг зөвлөдөг

2023-11-07 16:52:47

Цаг улирлын өөрчлөлтийг дагалдан хүний бие махбодод хувирал явагдах тул идээ ундааг цаг улирлын өөрчлөлтөд тохируулах шаардлагатай байдаг.

Монголын уламжлалт анагаах ухаанд нэг жилийг 6 улиралд багтаан авч үздэг.

Өвлийн эхэн сар 10.6-12.15

Өвлийн адаг сар 12.16-2.15

Хавар 2.16-4.15

Дэгжрэхийн цаг 4.16-6.15

Зун 6.16-8.15

Намар 8.16-10.15 гэж хуваана.

Энэ 6 улиралд хүний бие махбодод харилцан адилгүй өөрчлөлтүүд илэрнэ. Зуны дундаас өвлийн дунд хүртэл шороо, усан махбод дэлгэрч хүний биед сэрүүн, ширүүн, тослог бэлгэ чанар ихсэн билгийн хүч ихсэж ирнэ.

Өвлийн дундаас зуны дунд хүртэл хүйтнээс халуунд шилжиж гал, хий махбод дийлэнх болж аргын хүч ихэснэ. Хүний бие махбодын тамир хүч өвлийн эх, адагт хамгийн их, дэгжрэл, зуны цагт бага намар, хаварт дунд зэрэг байна.

Хэрхэн уялдуулан хэрэглэх вэ: 

Намрын цагт амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ.

Өвөл хоол унд багадвал тамир муудна. Өвөл амтлаг, исгэлэн, давстай хоол, үхрийн мах, цагаа, тослог хоол иднэ. Бүлээн чанартай голдуу амьтны гаралтай хонь, үхэр, адууны мах, бурам, тос, давсалсан ногоо зэргийг цадтал идэж хэрэглэнэ.

Хаврын эхэн сард гашуун, эхүүн амтыг голлож тараг, шар тос, хонины мах, будаатай хоол тохиромжтой. Арвайн гурил, мах, борц, зөгийн бал, сонгино, сармис, гоньд, зидрага, халуун ногоо гэх мэт идээ ундаа хэрэглэж хий, бадганы билэг чанаруудыг дарна.

Дэгжрэхийн цагт ээдэм, будаа, ямаа, гахайны мах, ногоо, чихэр гэх мэт амтлаг, тослог, идээ ундааг хэрэглэн шар, хийг зохицуулна.

Зуны эхэн сард амтлаг, хөнгөн, сэрүүн хоол цагаан идээ голлон иднэ. Зуны бороотой үед айраг ууж тослог идээ иднэ. Зуны цагт арьс хөрсний нүх сүв нээгдэж, хөлс их гадагшлан биеийн илч гадагш тархснаас ходоодны галын илч буурч, хоолны дур буурах, тамир багасах тул сэрүүн бүлээнийг зохицуулан хэрэглэх шаардлагатай. Энэ үед махыг багасган сүү цагаан идээг сайтар хэрэглэнэ.

Идээ ундааг насаар зохицуулах:

Хүүхэд үе: 16 нас хүртэлх нас бадган махбодь дийлэнх байна. Ходоодны галын илч багатай тул шингээлт хямрах шинж элбэг илэрнэ.

Залуу үе: 16-25 настай буюу галын илч төгөлдөржин цус шар дийлэнх болсон байна. Биеийн тамир хүч, өнгө, сүр сүлд, арвидах үе. Иймээс хамгийн шим тэжээлтэй хоол хэрэглэх хэрэгтэй. Бүлээн, тослог, амтлаг шимтэй идээ иднэ.

Идэр үе: 25-50 нас буюу бие махбодын галын илчийн хүч туйлдаа хүрч цус, шарын халуун дийлэнх болоход шингээлтийн хүч хамгийн сайн байдаг. Иймээс амтлаг, гашуун, эхүүн амттай сэрүүн шингэн идээ ундааг хэрэглэнэ. Энэ үед ямаа, гөрөөс, гахайн мах, үнээ, ямааны тараг, айраг, гүүний сүүг хэрэглэнэ.

Ахимаг үе: 51-60 нас хий махбод руу шилжиж буй үе шат юм. Энэ үед амтлаг, исгэлэн, бүлээн, тослог шингэхэд хялбар тамирыг сайжруулах идээ ундааг голлон хэрэглэнэ. Ясны шөл, хонь, үхрийн мах, сайн архи, сонгино, сармис, бурмын архи зэрэг тослог шимтэйг өгнө. Зарим хий дарах зүйлийг цаг улиралтай нь зохицуулах шаардлагатай.

Хөгшин үе: 60-аас дээш насныхан, биеийн тамир тэнхээ барагдаж эхэлсэн үе. Ходоодны галын илч идээний шингээлт муудах тул хүнд, хүйтэн, шингэхэд хэцүү, идээ ундааг цээрлэнэ. Иймээс хонь, үхрийн мах, өндөг, загасны мах, сүү, будайн гурил, лууван, өргөст ногоо гэх мэт амтлаг, хурц, тослог, бүлээн шим тэжээл сайтай, шингэцтэй идээ ундааг чухалчилна.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны Бэханзэ эмнэлэг 


Монголын уламжлалт анагаах ухаанд идээ, ундааг цаг улиралтай уялдуулахыг зөвлөдөг   
Үзсэн: 4370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй