
Газрын тосны экспортоор тэргүүлэгч Саудын Араб, ОХУ хоёр олборлолтын хэмжээгээ бууруулсан шийдвэрээ он дуустал мөрдөхөө мэдэгдэж байна. Газрын тосны эрэлт, бас эдийн засгийн өсөлттэй холбоотой санаа зовоохуйц нөхцөл байдал түүхий эдийн зах зээлд дарамт учруулж байгаа үед тус хоёр ийм мэдээлэл хийснийг олон улсын хэвлэлүүд уламжилж байна.
Саудын Арабын тухайд энэ нь, ирэх 12-р сард хоногт олборлох нефтийн хэмжээгээ дангаараа нэг сая баррелиар бууруулсан хэмжээгээ үргэлжлүүлэн мөрдөж, “хоногийн 9 сая баррелийг гаргана гэсэн үг болж байгааг” Эрчим хүчний яамнаас нь мэдээлснийг “Блумберг” мэдээлсэн байна. Гэхдээ олборлолтоо хязгаарлах хэмжээгээ улам нэмэх үү эсвэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх үү гэдгээ тухайн сард нь дахин авч үзнэ гэдгээ мөн дурджээ. ”Нийлүүлэлтээ танасан одоогийн шийдвэр нь ОПЕК болон Өргөтгөсөн бүлгийн нефтийн зах зээлийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг дэмжих зорилготой урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэм болоход чиглэсэн алхам” гэдгийг Эр-Рияд мөн тайлбарласан байна.
Саудын Арабын мэдэгдлийн араас Москва мөн өнгөрөгч 9 сараас мөрдөж эхэлсэн нефть болон нефть бүтээгдэхүүнийхээ хоногийн гарцыг 300 мянган баррелиар бууруулсан шийдвэрээ 12-р сард үргэлжлүүлж мөрдөнө гэдгээ мөн зарласан байна. Газрын тос экспортлогч улсуудын байгууллага ОПЕК болон Орос тэргүүтэй өргөтгөсөн бүлгийн орнууд нефтийн зах зээлийн тогтвортой байдлын тусын тулд нийлүүлэлтээ хязгаарлах бодлогыг өнгөрсөн оноос хойш барьж эхэлсэн юм. Үүний нөлөөгөөр өнгөрөгч 9 сард “Брент” маркийн нефть нэг баррель нь 98 долларт хүрч энэ оны дээд үзүүлэлтэд хүрч байсан. Үүний зэрэгцээ Ойрх Дорнодын хямрал хурцадсантай холбоотой болгоомжлол бага зэрэг саарч, арилжаа эрхлэгчид дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн төлөвт анхаарч эхэлснийг ажиглагчид тэмдэглэж байна. Өнгөрөгч баасан гарагт гэхэд, нефтийн үнэ 85 доллар руу орж буурчээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага-ОПЕК-т тэргүүлэх байр суурьтай Саудын Араб улсын тухайд, энэ оны 7-р сард анх газрын тос зах зээлд нийлүүлэх хэмжээгээ дангаар хоногт нэг сая баррелиар танах шийдвэр гаргасан. Үүнээс өмнө 4-р сард ОПЕК+ бүлгийн зарим гишүүн нийт олборлолтоо хоногт 1,66 сая баррелиар бууруулахаар тохирсон.
Саудын Араб энэ хүрээнд 500 сая баррелийн таналт хийсэн. ОПЕК+ бүлэг энэ шийдвэрээ анх энэ оныг дуустал мөрдөнө гэж байсан ч дараа нь нийт гишүүдийн шийдвэрээр 2024 оныг дуустал мөрдөхөөр сунгасан баталсан. Тус бүлэг энэ сарын 26-нд Венад нийт гишүүдийн хуралдаанаа хийх юм.
Саудын Араб болон ОХУ газрын тос олборлолтод тогтоосон хязгаарлалтаа он дуустал мөрдөнө | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.