Шууд Chart

Блинкен Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлалаа БНТУ-д өндөрлөжээ

2023-11-07 15:41:58

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Анкарад Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай уулзалт хийжээ. Тэдний яриа хэлэлцээ хаалттай байдалд болсон байна. Газын зурвасын нөхцөл байдал хурцадмал байдалтай холбоотойгоор Туркт Америкийн эсрэг үзэл хандлага газар авсан үед Блинкений айлчлал болсныг хэвлэлүүд онцолж байна. Турк дахь айлчлалаар Америкийн дипломатын тэргүүний Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодын бүс нутагт хийсэн хоёр дахь цуваа айлчлал өндөрлөж байгаа юм байна.

Блинкен, Туркийн ГХЯ-ны сайд Хакан Фидан нар уулзалтын төгсгөлд хамтарсан мэдээлэл хийгээгүй байна. Тэд Газын зурвас дахь дайн мөн Хамас, Израилын хооронд барьцааны хүмүүсийг хоригдлуудаар солих зэрэг хэд хэдэн сэдвээр ярилцсан мэдээтэй байна. АНУ-ын талаас Туркийн албаныхныг барьцааны хүмүүсийг суллах чиглэлд Хамас-т шахалт үзүүлэхийг ятгасан бол, Туркийн тал хоёр тал аль аль нь хорионд байгаа хүмүүсээ солилцох нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Туркийн тал нөхцөл болзолгүйгээр гал зогсоох шаардлага тавьж, энэ талын олон улсын хүчин чармайлтад Анкара баталгаа болж зуучлахад бэлэн байгааг мэдэгдсэн талаар Аль-Жазира мэдээллээ.

Үүний зэрэгцээ олон улсын хэвлэлүүд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг Туркт нэлээд хүйтэн уур амьсгалтай угтаж авсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, нисэх буудалд Блинкенийг Туркийн нэг ч өндөр албаны дипломатч угтаж аваагүй тухай “Ассошиэйтэд пресс мэдээлсэн. Уг нь Америкийн ТНБД-ыг Туркт айлчлахад Ерөнхийлөгч хүлээн авч уулздаг уламжлалтай ч энэ удаад тийм зүйл болоогүй байна. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган өчигдөр Газын зурвас дахь цус урсгалтыг зогсоож, Палестинчуудыг Израилын дарлалаас чөлөөлөхийг Турк улсын үүрэг гэж мэдэгджээ. Одоогийн хямралын улмаас Израил, Туркийн харилцаа эрс муудаж, хоёр улс харилцан элчин сайдуудаа эгүүлэн татаад байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн тухайд Газын зурвасыг тойрсон хурцадмал байдлыг бүс нутгийн хэмжээнд даамжруулахгүй байх, хүмүүнлэгийн сэдлээр түр хугацаагаар дайн тулааныг завсарлуулах шийдлийг ахиулахаар чармайж, энэ хүрээндээ баасан гарагаас хойш Израил, Иорданд яриа хэлэлцээ хийсэн.

Мөн өчигдөр Иордан голын баруун эргийн Рамалла хотод Палестины засаг захиргааны тэргүүнтэй уулзаж, Иракт гэнэтийн айлчлал хийж Иракийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн юм. Гэвч Блинкений Ойрх Дорнодын бүс нутагт хийсэн хоёр дахь удаагийн аль ч уулзалт хэлэлцээнээс нь одоогоор дорвитой үр дүн гараагүй байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дайн тулааныг хүмүүнлэгийн үүднээс түр завсарлах санааг няцаасан хэвээр байгаа бол, Израилтай хил залгаа Араб орнууд харин нэн даруй гал зогсоохын төлөө нэгдмэл байр суурь илэрхийлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Блинкен Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлалаа БНТУ-д өндөрлөжээ  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй