Шууд Chart

Долоогийн бүлгийн орнууд Газын зурвасын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна

2023-11-08 15:55:30

Долоогийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Японы Токио хотноо Газын зурвасын асуудлаар хэлэлцэж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа энэ хуралд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Европын Холбооны төлөөллүүд оролцож байна. Хурлыг даргалагч Япон улсын шинжээчдийн зүгээс Долоогийн бүлгийн орнуудыг Газын зурваст нэн даруй гал зогсоох талаар уриалга гаргахыг зөвлөж байна. Одоогоор Долоогийн бүлгээс нэгдсэн шийдэл гараагүй байна.

Долоогийн бүлэг энэ жил 2 дахь удаагаа Япон улсад чуулж байна. Японы NHK сувгийн мэдээлснээр төлөөлөгчид Израил-Хамасын дайн болон өөр хэд хэдэн асуудлаар хэлэлцэж байгаа юм байна. Газын зурваст болж байгаа дайны асуудал дээр АНУ, Их Британи, Герман, Франц, Итали, Канадын төлөөллүүд Израилын батлан хамгаалах ажиллагааг зөвтгөсөн байр суурийг илэрхийлцгээж байна. Харин дэлхий ертөнц нэн даруй галаа зогсоохыг шаардсаар байгаа. Долоогийн бүлгийн эдгээр орнууд Израилыг бат дэмжсээр байвал дэлхий дахинаас их гүрнүүдийг улам алсруулах зам руу хөтлөх эрсдэлтэй гэж Японы шинжээчид дүгнэж байна. Японы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Долоогийн бүлэг байр суурийн хувьд нэгдэх аргагүй байна гэсэн төлөв ажиглагдаж байна. Одоогийн нөхцөлд Газын зурваст түр гал зогсоож, энгийн иргэдийн наад захын хэрэгцээг хангах нь чухал гэж Японы зүгээс үзэж байгаа юм байна. Дэлхий дахин Израилыг галаа зогсоогоосой гэж хүсэж байгаа энэ үед Долоогийн бүлэг ч ийм шийдвэр гаргавал нэн ач холбогдолтой ч бүлгийн гишүүн болох АНУ Израилтай холбоотны харилцаатай байгаа тохиолдолд ийм шийдвэр гаргана гэдэг төвөгтэй гэж ажиглагчид үзэж байна.

Япон улсын хувьд Ойрх Дорнодоос газрын тосны хамаарал өндөр учраас энэ бүс нутагт дайны гал зогсоох тал дээр илүү идэвх санаачилгатай оролцох нь зүйтэй гэж мөн ажиглагчид зөвлөсөөр байна. Японы гадаад хэргийн дэд сайд асан Казүюүки Хамадагийн хэлж байгаагаар энэ дайн үргэлжилж, бүс нутаг даяар тархан, цөмийн зэвсэгтэй Иран улс хүртэл энэ дайнд татагдан орвол Дэлхийн дайн болох эрсдэлийг үгүйсгэхийн аргагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Израил-Хамасын дайнаас гадна Долоогийн бүлэг Украины дайн, Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. Долоогийн бүлэг Ойрх Дорнодын асуудлын улмаас Украиныг дэмжиж туслах байр сууриа цалгардуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж, хурлын үеэр Киевтэй виртуалаар холбогдож хэлэлцэнэ гэж төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн орнууд Газын зурвасын асуудлаар байр суурийн зөрүүтэй байна  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй