Шууд Chart

ОХУ Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээнээс албан ёсоор гарснаа мэдэгджээ

2023-11-08 16:16:44

ОХУ олон улсын аюулгүй байдлын томоохон гэрээнүүдийн нэг болох Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээнээс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдсэн байна. 1990 онд Хүйтэн дайны төгсгөл зааг дээр, Берлиний ханыг нураасны дараа Атлантын далайгаас Уралын нуруу хүртэлх НАТО-гийн гишүүн болоод Варшавын гэрээний орнууд энэ гэрээнд гарын үсэг зурж, тусгайлан зааж өгсөн зэвсэглэлийг энэ газар нутаг дээр хязгаарлах утга агуулгаар байгуулж байсан байна. Тэгвэл ОХУ энэ гэрээнээс гарч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа, гэрээнд гарын үсэг зурж нэгдсэн АНУ болон НАТО-гийн гишүүн орнууд цэрэг, зэвсгийн хүчээ улам өргөжүүлсээр байгаа тул ОХУ энэ гэрээнд үлдэж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Ерөнхийдөө энэ гэрээний утга агуулга нь Хүйтэн дайны үеийн сөргөлдөгч хоёр талын нэг нь нөгөө рүүгээ цэргийн хүчээр дайрах эрсдэлийг бууруулах байсан юм. ОХУ 2007 оноос энэ гэрээн дэх оролцоогоо татаж эхэлсэн. 2015 онд гэрээнд гарын үсэг зурсан хэвээр байсан ч идэвхгүй гишүүний байр суурьтай байхаар шийдвэрлэж байсан байна. Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ энэ гэрээнээс гарна гэдгээ илэрхийлж эхэлсэн. Өнгөрсөн 5-р сард тунхагийн шинжтэйгээр энэ гэрээнээс нэрээ татаад байсан бол ийнхүү өчигдрийн байдлаар Европын ердийн зэвсэгт хүчний гэрээнээс албан ёсоор гарч байна. Энэ гэрээ ОХУ-ын хувьд түүх болон үлдлээ гэдгийг Гадаад хэргийн яамнаас нь мэдээлсэн байна.

Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ Хүйтэн дайны дараа, Европ болон олон улсын тогтолцоо шинэчлэгдэж байсан цагт талууд хамтарч ажиллах боломж нээгдэж байх үед байгуулагдсан. Тухайн цаг үедээ зөв ч алхмуудыг хийж байсан гэж мөн дурдсан байна. Гэвч гэрээний нэг хэсэг болох АНУ НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлж, цэрэг зэвсэглэлээ улам нэмэгдүүлж, Финланд улсыг гишүүнээр элсүүлэн, цаашид ч гишүүнчлэлээ өргөжүүлэх зорилгоор Шведийг нэгтгэх гэж байгаагаас үзвэл Европын ердийн зэвсэгт хүчний гэрээ аль хэдийн хүчин чадлаа алдсаныг харуулж байна гэж Оросын зүгээс тайлбар өгсөн байна. 1999 онд энэ гэрээнд шинэчлэл хийхэд АНУ болон түүний холбоотон орнууд гэрээний шинэчлэлийг соёрхон батлаагүй нь ч мөн нөлөөллөө гэсэн байр суурьтай байгаа юм байна.

Тэгвэл ОХУ энэ гэрээнээс гарч байгаа сургаар НАТО-гийн гишүүн орнууд уг шийдвэрийг нь хурцаар шүүмжилсэн байна. Орос улс энэ гэрээнээс гарснаар Европ-Атлантын аюулгүй байдалд эрсдэл учруулж эхэллээ гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн байна. Өнгөрсөн 6-р сард ОХУ-ыг гэрээнээс гарах мэдээгээр НАТО-гийн зүгээс ОХУ-ыг гэрээг хэзээ ч дагаж мөрдөж байгаагүй, үүний тод жишээ нь Украин болон Беларус руу халдан довтолсон нь гэж буруутгасан юм. Тэгвэл өчигдөр ОХУ гэрээнээс албан ёсоор гарсны дараа АНУ-ын Цагаан ордноос “ОХУ энэ гэрээнээс гарч байгаа бол АНУ ч энэ гэрээнд үлдэх шалтгаан байхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээнээс албан ёсоор гарснаа мэдэгджээ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй