Шууд Chart

“КИОДО”: Байден, Ши нар энэ сарын 15-нд уулзаж хэлэлцээ хийнэ

2023-11-09 15:34:18

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жиньпин нар энэ сарын 15-нд уулзаж хэлэлцээ хийх нь баттай болж байгааг Америкийн талын эх сурвалж мэдээлсэн байна. Энэ айлчлал үнэхээр болбол Хятадын дарга сүүлийн зургаан жилд анх удаа АНУ-д хөл тавьсан хэрэг болно гэдгийг хэвлэлүүд мөн онцолж байна. Ямартай ч Ши Жиньпинийг АНУ-д айлчилна гэдгийг Бээжин хараахан албан ёсоор нотлоогүй байгаа юм байна.

Энэ сарын дундуур Америкийн Сан-Францискод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр Хятад-Америкийн удирдагчдын уулзалт болно гэж Америкийн албаны эх сурвалж Японы Киодо агентлагт ярьсан байна. Мөн энэ уулзалтын бэлтгэл ажлууд эцэслэх шатандаа орсон гэж тэр эх сурвалж мөн мэдээлсэн юм байна. Киодо агентлагийн мэдээгээр, Хятадын удирдагч энэ сарын 14-нд буюу АПЕК-ийн чуулга уулзалт эхлэхийн урд өдөр Сан-Францискод очиж магадгүй байна. Ингэх нөхцөлд Хятадын удирдагч 2017 оны 4 сараас хойш анх удаа АНУ-д айлчлалаар очиж байгаа тохиолдол болох юм. Хятад, АНУ-ын удирдагчид энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн шинжтэй асуудлуудад хамтран ажиллах талаар хэлэлцэхээс гадна Америкийн тал цаашид тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах үүднээс батлан хамгаалах салбар хоорондын яриа хэлэлцээг сэргээх боломжийг хэлэлцэж магадгүй гэдэг мэдээлэл байгаа юм байна. Гэхдээ чухам Байден, Ши нарын 15-ны уулзалтаар энэ сэдэв хөндөгдөх эсэх нь тодорхойгүй байгаа гэжээ. Үүний өмнө АПЕК-ийн дээд түвшний уулзалтын талбарт Хятад-Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар хоёр тал зарчмын хувьд тохирсон талаараа америкийн засаг захиргааны урьд нь мэдэгдэж байсан.

Мөн өнгөрөгч сард Вашингтонд айлчилсан Хятадын ГХЯ-ны сайд Ван И Америкийн улстөр судлаачидтай уулзалт хийх үеэрээ, АПЕК-ийн чуулга уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Байден нарын уулзалтыг зохион байгуулах ажил өрнөж байгаа талаар мэдээлж, энэ ажил гэхдээ “тийм ч дардан шулуун биш байгаа” гэж ярьж байжээ. Байден, Ши нар үүний өмнө өнгөрсөн оны 11 сард Индонезийн Балид болсон Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүр тулсан уулзалт хийж байсан юм. Үүний зэрэгцээ Ши Жиньпиний одоо болох айлчлалаар гадаадын хөрөнгө оруулагчдыг итгэлийг сэргээх нь эн тэргүүнд чухалчлах зорилт болж байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн удаашрал дээр нэрмээд ажилтнуудыг нь саатуулж шалгах зэрэг асуудлаас шалтгаалан Хятад дахь гадны хөрөнгө оруулалттай компаниудын удирдлагууд Хятадад ажил хэрэг эрхлэхээс бэргэх хандлага газар авч байгааг шинжээчид дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“КИОДО”: Байден, Ши нар энэ сарын 15-нд уулзаж хэлэлцээ хийнэ  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй