Шууд Chart

EURONEWS: Украин улс Европын холбоонд элсэхэд тун ойрхон байна

2023-11-09 15:47:29

Европын Холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Хорооноос тус холбоонд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан орнуудын статусыг тодорхойлох “2023 онд Европын Холбоог өргөжүүлэх багц хууль”-ийг баталлаа. Уг хуулинд Украин, Молдова, Гүрж, Турк болон Балканы орнуудын статусыг тодорхойлж, цаашид Европын Холбоотой яаж хамтарч ажиллах, гишүүнээр элсэхийн тулд ямар шаардлага хангасан байх ёстойг дурдсан байна. Тэдэн дундаас одоо дайн дажинтай байгаа Украин улс болон Молдова улс Европын Холбоонд элсэх бүрэн боломжтой гэсэн нааштай хариуг хүлээн авсан байна.

Европын Холбооны ерөнхийлөгч Урсула Фон дер Ляйен энэ холбоог өргөжүүлэн тэлэх нь холбооны тэргүүлэх зорилтуудын нэг юм гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Үүний хүрээнд Украин болон Молдова улсуудыг элсүүлэхээр нээлттэй хэлэлцүүлэг хийхэд бэлэн гэсэн шийдвэрийг Европын Хорооноос гаргажээ. Украин улсын хувьд дайны хөлд нэрвэгдсэн ч Европын Холбооноос шаардсан 7 алхамт шинэчлэлийг сайтар хүлээн авч, ахиц дэвшил гаргаж байгааг нь холбооны зүгээс үнэлсэн байна. Украины дотоодод гарсан шинэчлэлүүдээс дурдвал, дээд шүүхийн шүүгчдийг томилохдоо шилэн зарчмыг нэвтрүүлсэн, шүүхийн эрх мэдлийг шинэчилсэн, тэнгэрт хадаад байсан авлигын асуудлыг олж илрүүлэх арга замаа сайжруулсан, үндсэн хуулийн агуулгыг бэхжүүлсэн зэрэг үйл хэргүүд багтаж байна. Эдгээр шаардлагыг хангасан учир ирэх сарын 14-15-нд Бельгийн Брюссельд болох Европын Холбооны гишүүн орнуудын дээд түвшний уулзалтаар Украиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Украинаас гадна Молдова улс мөн дайны хөлд өртсөн ч Европын Холбооноос тавьсан 9 бүлэг шаардлагыг хангалттай сайн биелүүлсэн гэж харж байгаа юм байна. Тиймээс мөн Украины нэгэн адил Европын Холбооны дээд түвшний уулзалт дээр хэлэлцэгдэх боломж нь нээгдэж байна. Гүрж улсын статусын хувьд Украин болон Молдоваас нэг алхам хойно яваа гэж хэлж болно. Европын Холбооноос Гүржид тавьсан 12 бүлэг шаардлагыг ерөнхийдөө ахицтай хэрэгжүүлж байгаа ч дээд шүүхийн шинэчлэл дээр дахин сайтар ажиллах шаардлагатай гэж үзсэн тул Гүрж улсад Европын Холбооны гишүүн улсад нэр дэвшигч гэсэн статус олгосон байна.

Харин олон жилийн турш Европын Холбоонд элсэх хүсэлтээ өгсөөр байгаа Баруун Балканы орнуудын статус хэвээр үлдлээ. Балканы орнууд Европын Холбооноос тавьсан шаардлагуудыг биелүүлж байгаа явц хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Босни Херцеговин улс гэхэд дотоод дахь үндэстэн ястны ялгарал, мөргөлдөөнөө зохицуулж чадаагүй байгаа. Серби болон Косово улсууд хоорондын харилцаагаа төвшитгөж чадахгүй байгаагаас Европын Холбоонд элсэхээр горилогчдын сүүлийг мушгиж байна. Харин Турк улсын хувьд дотоод дахь хүний эрх, ардчиллын асуудлын улмаас мөн л гишүүн болоход тохиромжгүй гэсэн хариу сонссон байна. Турк улс нь Евразийн зааг дээр оршдог, Ази тивээс ирэх шилжин ирэгсдийн урсгалыг зохицуулах тал дээр Европын Холбооны хувьд угтаа маш чухал байршилтай орон юм. Гэвч дотоодын асуудлууд нь гишүүнээр элсүүлэхэд саад болж байгааг холбооны зүгээс тайлбарласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

EURONEWS: Украин улс Европын холбоонд элсэхэд тун ойрхон байна  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй