Шууд Chart

ОХУ БНХАУ-д цэргийн технологи хамтран хөгжүүлэх санал тавьжээ

2023-11-09 17:41:22

Лхагва гарагт БНХАУ-ын цэргийн төв хорооны дэд дарга, генерал Жан Ёоу Ся Москвад айлчилж, ерөнхийлөгч Владимир Путинд бараалхсан байна. Хоёр орны өндөр дээд албан тушаалтнууд улсуудынхаа цэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан гэсэн мэдээлэл байна. Тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын төлөөлөгчид хандаж, хоёр улс цэргийн салбарт өндөр технологи хамтарч хөгжүүлэх нь нэн чухал гэсэн санал дэвшүүлсэн байна.

Тодруулбал, хоёр орны стратегийн аюулгүй байдлыг сахин хамгаалах сансрын, дэлхийн тойрог замын технологи, шинэ төрлийн зэвсэг ирээдүйд хөгжүүлэх талаар ерөнхийлөгч Путин дурджээ. Үүгээрээ Орос, Хятад хоёр улс Хүйтэн дайны үеийнх шиг цэрэг батлан хамгаалахын салбарт холбоотон болно гэсэн үг биш ч олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн байна. 2019 оны 10-р сард Путин Орос улс Хятадад баллистик пуужингийн довтолгоог илрүүлэх технологи хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж байгаа гэж мэдэгдэж байсан байна. Дэлхий дээр ийм технологитой хоёрхон улс байдаг нь ОХУ болон АНУ юм. Харин өнгөрсөн жил Бээжингийн зүгээс Оростой түншлэх харилцаанд нь хязгаар үгүй гэж зарлаж байсан. Хятад улс Орос-Украины дайны асуудал дээр төвийг сахисан байр суурийг баримтлахыг хичээдэг ч энэ дайныг өргөжин тэлэхэд НАТО болон АНУ-ын өдөөн хатгалга бий гэсэн үзэл санааг дэвшүүлж, барууны орнуудыг буруутгаж байсан удаатай. Үүний хариуд ОХУ Тайваны асуудал дээр ямагт Бээжинг дэмжиж ирсэн. Хоёр орны харилцаа ойр байгааг илтгэх үйл явдал энэ жил хэд хэд тохиосны нэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн 3-р сард Москвад айлчилсан нь, бас нэг нь ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Хятадын Бүс ба Зам санаачилгын хүрээнд Бээжинд айлчилсан  юм. Путин энэ удаа БНХАУ-ын цэргийн дээд албан тушаалтныг хүлээн авч уулзахдаа удирдагч Ши Жиньпинд мэнд дамжуулахыг хүссэн байна. Мөн хоёр орны тэргүүн нар хувийн нөхөрсөг харилцаатай гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Орос, Хятад хоёр улс Өмнөд Хятадын Тэнгис болон Зүүн тэнгист хэд хэдэн удаа цэргийн хамтарсан сургуулилалт явуулсан. Хуурай газарт ч мөн хэд хэдэн сургуулилалт явуулсан. Энэ удаагийн уулзалтын үеэр Путин мөн НАТО-г Ази-Номхон далайн бүс рүү түрэн орж ирсэн, газарзүй, геополитикийн хувьд нөлөөллийн бүсээ хэт тэлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Орос, Хятад хоёр хамтарч тайван, тэнцвэртэй арга замаар цэрэг батлан хамгаалах хүчний технологи хөгжүүлж, хамтарсан сургуулилалтаа үргэлжлүүлбэл зохино гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Жан Ёоу Сягийн зүгээс Москваг барууны хүчний эсрэг тууштай зогсож байгааг сайшааж, Хятад энэ тал дээр Москваг их хүндэтгэж үзэж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр мөн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шоигутай санал бодол солилцохдоо хоёр орны харилцаа шинэ оргил түвшинд очжээ гэж тодорхойлсон байна. Шоигугийн зүгээс хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд гуравдагч орны оролцоо шаардлагагүй, манай хоёр улс цэргийн холбоо байгуулах ямар ч зорилго байхгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ БНХАУ-д цэргийн технологи хамтран хөгжүүлэх санал тавьжээ  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Евген [127.0.0.xxx] 2023-11-09 18:42
Путин - хуйло! Ла-ла-ла.

Бидэнтэй нэгдээрэй