Шууд Chart

ХБНГУ Израилын талд бат зогсоно гэж мэдэгдэв

2023-11-10 16:53:28

Одоогоос яг 85 жилийн өмнө Нацист Германы нутаг дэвсгэр дээр еврей үндэстнүүд рүү халдаж, 30 мянган еврейг барьж хорин, Дэлхийн 2-р дайны он жилүүдэд 6 сая еврейг хэлмэгдүүлж, хоморголон устгах эхлэлийг тавьсан “Болор шөнө” гэх үйл явдал болж байсан юм.

Герман улс энэ үйл явдлыг жил бүр нэхэн санадаг учиртай. Тэгвэл энэ жилийн “Болор шөнө”-ийн ойгоор Германы Канцлер Олаф Шольц олон нийтэд хандаж, Герман улс одоо Ойрх Дорнодод болж байгаа асуудал дээр Израилын талд бат зогсож, Холокосттой ижил үйл явдал дахин гаргахгүй гэсэн амлалтаа бэхжүүлсэн байна.

Канцлер Олаф Шольц улсад нь еврейчүүдийг үзэн ядах гэмт хэрэг, зэвсэгт Хамас бүлэглэлийг дэмжсэн хөдөлгөөн огт байх ёсгүй гэж тунхаглалаа.

Мөн зэвсэгт Хамас бүлэглэлийн явуулсан зэрлэг балмад алан хядах ажиллагааны эсрэг Израил улс аюулгүй байдлаа сахин хамгаалах бүрэн эрхтэй гэж дэмжсэн байна.

Гэхдээ Германы Засгийн газрын Израилыг ил тод дэмжсэн байр суурь Германы ард түмний дунд үзэл санааны хуваагдал үүсгээд байгаа. Цөөнгүй германчууд Газын зурваст амиа алдаж, хохирч байгаа хүмүүсийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэсэн үзэл дэлгэрсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Берлин хотод 500 орчим палестинийг дэмжигч иргэн цугларч, Газын зурваст нэн даруй гал зогсоохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн.

Жагсагчид Германы Засгийн газар ардчиллын үнэт зүйлээ ухаарч, гал зогсоох олон улсын уриалгад нэгдэх нь тэдний үүрэг гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Энэ сарын 4-ний өдөр мөн 9000 орчим хүний бүрэлдэхүүнтэй жагсаал Берлин хотод болж, Засгийн газрыг гал зогсооход уриалахыг шаардсан байна.

Германы Засгийн газрын зүгээс эдгээр шаардлагыг авч хэлэлцээгүй. Канцлер Шольц өнгөрсөн сард Долоогийн бүлгийн орнуудаас анхдагч нь болж, Израилд айлчилсан.

Тэрбээр Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамтаар хэвлэлийн бага хурал хийхдээ "Израилын аюулгүй байдал бол Германы төрийн гол ашиг сонирхол" гэсэн үзэл санааг илэрхийлсэн юм.

Энэ нь Германы түүхэнд анх удаа өөр улсыг өөрийн гол эрх ашиг болгож тунхаглаж байгаа тохиолдол гэж ажиглагчид тодорхойлсон.

Гэхдээ энэ тунхаглал Газын зурвас дахь хүний эрхийн асуудлыг Герман улс хөсөр хаяж байгаа мэтээр олон улсад буруу ойлголт төрүүлэх вий гэсэн болгоомжлол Германы судлаачдын дунд байгаа юм.

Мөн Германы хүн ам дотор Сири болон Палестинаас дүрвэн ирсэн цагаач иргэдийн тоо өндөр байгаа энэ цаг үед ард иргэд энэ үзэл санаатай санал нэгдэхгүй болов уу гэж үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ Израилын талд бат зогсоно гэж мэдэгдэв  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй