Шууд Chart

Казахстан болон ОХУ АЦС-ууд барьж байгуулахад хамтран ажиллахаар тохирчээ

2023-11-11 12:40:40

Астана хотод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээ хийж, нэлээд олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Энэ хүрээнд Казахстаны гурван АЦС барих төслүүдэд хоёр улс хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулсан тухай Казахстаны Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Гэхдээ АЦС барьж байгуулах асуудлыг Казахстанд бүх нийтийн санал хураалтаар шийдэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Оросын Ерөнхийлөгчийн Астанад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр тал Казахстаны “Кокшетау”, “Семей”, “Усть-Каменогорск” гэсэн гурван АЦС-ийн барилгын төслүүдэд хамтрах зарчмын тохиролцоо байгуулсан байна.

Казахстаны Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиев энэ тухайд сэтгүүлчдэд ярихдаа "Казахстаны АЦС-ийн төслийг дан Оросынх байна гэсэн зүйл анхнаасаа байгаагүй. Казахстан улс хамгийн шилдэг технологиудыг сонгох болно гэдгээ эртнээс ярьж, хэлж ирсэн" гэдгээ тэмдэглэсэн байна.

Улмаар “Цөмийн цогцолбор байгууламж талаасаа Оросын технологи хамгийн аюулгүй, үр ашигтай, бас хямд төсөр шийдэлтэй нь гэдгийг хэлж, тоног төхөөрөмжийн хувьд харин Европын орнуудын үйлдвэрлэгчид давуутай, гэрээт гүйцэтгэгчид талаасаа Солонгос болон Туркийнх "хүчтэй” гэж Казахстаны сайд яриад газар зүйн хүчин зүйлийг харгалзах ёстой гэдгийг дурдсан байна.

Үүнээс гадна АЦС-ууд барих шийдвэр ард нийтийн санал асуулгын дүнд батлагдана гэдгийг мөн сануулжээ.

Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийн Ерөнхий захирал Алексей Лихачев “Казахстаны ард түмэн атомын эрчим хүчийг дэмжихээ илэрхийлбэл энэ ажил төслийн хувьд хангалттай хурдан хэрэгжих болно” гэж “Известия”-д ярьжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн есдүгээр сарын 1-нд ард түмэндээ илгээлт сонордуулахдаа АЦС-ууд барих асуудлыг ард нийтийн санал хураалтад оруулах санал дэвшүүлсэн.

Мөн энэ асуудлаарх олон нийтийн хэлэлцүүлэг, өргөн хүрээтэй иж бүрэн санал шүүмжлэлийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Орос, Казахстаны удирдагчид уулзалтынхаа үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх эрмэлзлээ нотолсны зэрэгцээ бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тухайд Казахстанд хийсэн энэ удаагийн айлчлал нь Украины дайны улмаас өрнөдтэй зөрчилдөөнтэй байгаа өнөөгийн нөхцөлд хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан, басхүү эдийн засгийн гол түнш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж хэвлэлүүд онцолж байна.

Өнгөрсөн сард Владимир Путин Киргизэд айлчилж, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дээд түвшний уулзалтад оролцсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Казахстан болон ОХУ АЦС-ууд барьж байгуулахад хамтран ажиллахаар тохирчээ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй