Шууд Chart

Цэнхэр саримс харсан уу

2023-11-16 11:35:19

Цуунд даршилсан саримс болон даршилсан өргөст хэмхийн дотор амтлах зорилгоор хийсэн 2-3 хумс саримс хааяа цэнхэр өнгийн туяатай болсон байгааг ажигласан уу. 

Саримсны тухай товчхон өгүүлье. 

Саримс нь Allium овгийн булцуут цэцгийн ургамлууд бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа энэ овгийн зөвхөн Төв Азиас гаралтай 120 гаруй сортыг хүнсэнд хэрэглэж байна.

Үүн дээр дэлхийн бусад хэсгээр тархсан зэрлэг болон таримал саримсуудыг оруулбал маш өргөн тархацтай, хүнсний хэрэглээнд маш их нэвтэрсэн нь харагдана. Цагаан, улаан, хар хүртэл янз бүрийн өнгөтэй байдаг.

Саримсны хүнийг татдаг хамгийн гол чанар бол өвөрмөц хурц үнэр, халуун чанарын амт нь. Сармис нь аллин хэмээх хүхэрт нэгдэл, түүнийг задлах аллиназа фермент агуулдаг бөгөөд саримс гэмтэлгүй хэвийн үед үнэр бага байх бөгөөд саримсыг жижиглэж хэрчих, няцлаж бутлах тусам аллин нь аллиназа ферментийн үйлчлэлээр аллицин хэмээх органосульфатын нэгдэл үүсч, энэ нэгдлийн нөлөөгөөр хурц үнэр, өвөрмөц амттай болдог.

Саримсыг цэнхэр өнгөтэй болгодог хэд хэдэн гол шалтгаан байдаг юм байна. 
 
Нэгдүгээрт: Ногоог даршлахад ихэнхдээ нөөшлөгчөөр цууны хүчил хэрэглэдэг тул саримс дахь аллицин нь өөрийн аминхүчлүүдтэйгээ урвалд орж, нүүрстөрөгч-азотын цагаригт нэгдэл буюу пиррол үүсгэдэг. Пирролын гурвалсан холбоо нь цэнхэр өнгө үүсгэдэг бөгөөд дөрвөлсөн холбоо нь ногоон өнгө үүсгэж байдаг. Ийн өнгө үүсэх нь саримсны насжилтаас хамаардаг бөгөөд болц гүйцэх тусам өнгө үүсэх магадлал нэмэгддэг.
 
Хоёрдугаарт: Даршлахад иоджуулсан давс хэрэглэх нь ийм үр дүнд хүргэж болно. Иод бол цардуулыг таних чанарын индикатор бөгөөд цардуултай харилцан үйлчилснээр хөх өнгө үүсгэж болно.
 
Гуравдугаарт: Саримс нь зэс, хөнгөнцагаан, цагаантугалга гэсэн зарим металлтай харьцах үед ижил өнгө үүсгэж болно. Өөрөөр хэлбэл, эдгээр металлаар хийсэн саванд боловсруулсан тохиолдолд. Саримсанд агуулагдах хүхэрт нэгдлүүд нь уг металлуудтай сульфат нэгдэл үүсгэснээр тод цэнхэр болж ирдэг байх нь. Зэсийн байван гэж мэднэ биз дээ.
 
Өнгө нь өөрчлөгдсөн зүйл идэх нь таагүй байгаа бол та саримс даршлахдаа дараах хэдэн зүйлийг анхаараад хэрэгжүүлэхэд цав цагаан дарсан сармис хэрэглэж болно.
 
- Жижиг хумс бүхий залуу сармис хэрэглэ.
 
- Өндөр температурын боловсруулалтыг даршлахаасаа өмнө заавал хий. Фермент нь өөрөө уургийн гаралтай бодис байдаг тул уургийг денатурацид оруулж, ферментийг идэвхигүйжүүлснээр өнгөний хувирлаас сэргийлж чадна.
 
- Нөөшлөх уусмал бэлтгэхдээ болж өгвөл нэрмэл ус, боломжгүй бол сайтар шүүсэн ус хэрэглэ.
 
- Давс хэрэглэхдээ иод агуулаагүй давс хэрэглэ.
 
- Даршлах, боловсруулахдаа шил, паалантай сав ашигла.
 
Аливаа түүхий эдийн найрлага болон жижигхээн онцлогоос бүтээгдэхүүн болгох технологи үүсдэг.
 
Хүнсний инженер О.Гал-Очир
 
 
 
 
 

 


Цэнхэр саримс харсан уу   
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй