
Германы канцлер Олаф Шольцийн эвслийн засгийн газар ногоон эрчим хүчний салбарыг дэмжих сангийн үйл ажиллагааг тогтворжуулахаар хэлэлцэж байна. Герман улс цар тахлын жилүүдэд нэн яаралтай үед ашиглах 60 тэрбум еврогийн сан байгуулж байсан ч уг санд цуглуулсан хөрөнгийг өнөөг хүртэл хараахан ашиглаагүй байсан юм. Тэгвэл Олаф Шольцийн засгийн газар энэ хөрөнгийг ногоон эрчим хүчний салбарт ашиглах санал гаргасан. Гэвч Германы үндсэн хуулийн шүүхээс энэ төсвийн саналыг үндсэн хуульд харшилна гэж дүгнэн, эсэргүүцсэн байна. Үндсэн хуулийн шүүхээс ирээдүйд тохиолдох гамшгийн болзошгүй эрсдэлд энэ сан санхүүгийн баталгаа болж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тэгвэл шүүхийн энэ шийдвэр эргээд Германы эдийн засагт хүндрэл учруулж магадгүй гэж шинжээчид дүгнэсэн байна.
Эвслийн засгийн газар яаралтай үеийн тусламжийн сангийн ашиглагдаагүй 60 тэрбум еврог эрчим хүчний хувьд хэрэглээ багатай барилга байгууламжууд барих, сэргээгдэх эрчим хүчээр хангах цахилгаан станцууд барих, чип үйлдвэрлэх, эрчим хүч их зарцуулдаг компаниудад ногоон эрчим хүчний эх үүсвэр бий болгож өгөх зэрэг бүтээн байгуулалт хийхэд зарцуулна гэж төлөвлөж байсан байна. Канцлер Олаф Шольц шүүхийн гаргасан энэ шийдвэрийг засгийн газрын Уур амьсгал, ногоон эрчим хүч рүү шилжих сангийн ирээдүйд сөрөг үр дагавар авчирна гэж тодорхойлсон байна. Ямартай ч Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг үл харгалзан ногоон эрчим хүчний салбарыг дэмжих санг байгуулахын тулд өөр эх үүсвэр судална гэж эвслийн засгийн газар шийдэлд хүрээд байгаа юм байна. Германы сангийн сайд Кристиан Линднер мөн шүүхийн шийдвэр Германы холбооны болон муж улсуудын төсвийг батлахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж магадгүй гэж дурджээ. Түүнчлэн яаралтай тусламжийн 60 тэрбумын санг ногоон эрчим хүчний салбарт зарцуулах төлөвлөгөө Германы эвслийн засгийн газрын сонирхлын бүлэг болгоны эрх ашиг, санаанд нийцсэн шийдвэр байсан ч шүүхээс хүлээн зөвшөөрөөгүй талаар сангийн сайд дурдсан байна. Одоогоор эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад зарцуулах сангийн хөрөнгийг босгохын тулд улсын төсвийг танахаас өөр аргагүй болж магадгүй талаар ч дурдлаа.
Өөрөөр хэлбэл хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, ногоон эрчим хүчний хэрэглээ рүү шилжихийн тулд ойрын хэдэн жилийн холбооны төсөвт ихээхэн хязгаарлалт тавихаас өөр аргагүй болж байна гэсэн үг. Германы 2024 оны төсөв болон 2027 он хүртэлх санхүүгийн төлөвлөгөөг маргааш батална.
Эдийн засгийн зарим шинжээчид хэрвээ засгийн газар ирэх оны төсвөөс танахаар болбол одоо ч тогтворгүй байгаа эдийн засаг, бүтцийн зогсонги байдал, санхүүгийн олон асуудлуудыг хэрхэх вэ гэдэг асуултууд урган гарч ирнэ гэж харж байна. Зарим шинжээчид Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр засгийн газрын цаашдын төсвийн хуулийн саналд нөлөөлж, эдийн засагт өргөн зургаараа сөрөг үр дагавар авчрах шийдвэр байлаа гэж мөн дүгнэж байгаа юм байна.
ХБНГУ ногоон эрчим хүчний салбарыг дэмжихээр улсын төсвөөс танах төлөвлөгөөтэй байна | ||
Үзсэн: 557 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.