
Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Лхагва гарагт сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа нүүр тулж уулзлаа. Сан-Франциско хотын ойролцоох түүхэн эдлэнд энэ уулзалт болсон.
Тэдний яриа хэлэлцээний нэг гол чухал үр дүн нь, өнгөрсөн оны 8-р сараас хойш буюу америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосийн Тайвань дахь айлчлалын дараагаас тасарсан хоёр улсын цэрэг батлан хамгаалах салбарын холбоо харилцааг сэргээхээр тохирсон явдал гэж хэвлэлүүд онцолж байна. Байден, Ши нар 4 цаг гаран үргэлжилсэн яриа хэлэлцээнийхээ явцад мөн, хоёр улсын эдийн засаг, Тайваньтай холбоотой сэдэв, мөн Ойрх Дорнодын байдлын талаар санал солилцжээ.
Тодруулбал, “Синхуа” агентлагийн мэдээлснээр хоёр улсын зэвсэгт хүчний хоорондын холбоо харилцааг өндөр түвшинд сэргээхээс гадна БХЯ-ын сайд нарын ажлын уулзалтууд, далай тэнгис дэх аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх механизм, цэргийн тойргуудын командлагчид хоорондох телефон утсан яриаг сэргээхээр болсон байна. Үүнээс өмнө Пентагоны нийтлүүлсэн Хятадын цэргийн хүчин чадлын талаарх илтгэлд, “холбоо барих, уулзалт хийх бүх оролдлогыг нь Бээжин үгүйсгэж, цуцалж эсвэл үл тоож, энэ нь ажиллагааны үеийн будлиан маргаан эсвэл алдаа эндэгдэл гарч улмаар зөрчил хямрал болж даамжрах эрсдлийг нэмэгдүүлж байна” гэж өгүүлсэн байсан юм.
Тэгвэл Байден, Ши нар сая тохирсны дагуу АНУ-ын БХЯ-ын сайд Ллойд Остин Хятадын ижил зиндааны сайдыг томилогдсон даруйд түүнтэй холбогдон ярьж болно гэсэн үг болж байгааг америкийн өндөр албаны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч мөн хоёр улсын удирдагчид хооронд нээлттэй холбоо харилцаа өрнүүлэхийн чухлыг онцолсон байна. “Бид хоёрын хэн ч утсаа аваад шууд холбогдож, нэгэндээ үгээ хэлж болдог байхаар тохирсон” гэж Байден уулзалтын дараа сэтгүүлчдэд ярьжээ.
Тайвань арлын сэдвээрх хоёр удирдагчийн хэлэлцээг АНУ-ын албан ёсны төлөөлөгч “учир зүйтэй” бөгөөд “хурцадмал бус” явагдсан гэж тодорхойлсон байна. Байден Хятадыг арлын ойр орчимд их хэмжээний цэрэг зэвсэг төвлөрүүлж байгаад зэмлэхийн сацуу АНУ Тайваньд өөрийгөө хамгаалахад нь үргэлжлүүлэн туслах бодолтой байгааг мэдэгджээ. Ши Жиньпин харин Тайванийг Хятад улсын нэг хэсэг гэдгийг цохон мэдэгдэж, америкийн тал тус аралд зэвсэглэл нийлүүлэхээ зогсоож, Хятадтай энх тайвнаар нэгдэхийг нь дэмжих ёстой гэдэг байр суурь илэрхийлснийг хятадын Гадаад яам мэдээлсэн байна. АНУ-Хятадын харилцааг “дэлхий дээрх хамгийн чухал хоёр талын харилцаа” гэж тодорхойлсон Ши Жиньпин Байден Ерөнхийлөгчтэй хамт энэ хүнд үүрэг хариуцлагыг үүрч, нэг нэгнээсээ нүүр буруулах учиргүй гэдгийг цохон хэлж байжээ.
Тэд мөн хиймэл оюун ухааны, мөн мансууруулах бодистой тэмцэх салбарт хамтран ажиллах ажлын хэсгүүд байгуулахаар тохирсныг хятадын төв хэвлэлүүд уламжилсан байна. Ийнхүү ихээхэн хүч анхаарал тавьж бэлдсэн хоёр их гүрний удирдагчдын уулзалтын дараа Ерөнхийлөгч Байден хятадын даргыг “дарангуйлагч” гэж үздэг үзэл бодол нь өөрчлөгдөөгүй гэдгийг илэрхийлсэн нь нэлээд шуугиан тарьж амжлаа. Байден уулзалтын дараах хэвлэлийн бага хурал дээр өнгөрөгч 6-р сард хэлж байсан энэ санаагаа дахин давтсан байна. Хятадын Гадаад яам энэ мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэ бол туйлаас буруу, улстөрийн хариуцлагагүй заль мэх” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Мао Нин өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үедээ мэдэгдсэн байна.
АНУ Хятадын удирдагчид хоёр улсын цэргийн холбоо харилцааг сэргээхээр тохиров | ||
Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.