Шууд Chart

Израил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхээс татгалзаж байна

2023-11-17 10:58:30

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газа дахь цэргийн ажиллагааг түр зогсооход уриалав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Израил болон ХАМАС бүлгийн хоорондох дайн тулааныг нэн яаралтай, хүмүүнлэгийн үүднээс түр зогсооход  уриалсан тогтоол баталсан байна. Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг бүрэн, шуурхай, аюулгүй, саадгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд “хангалттай тооны өдөр” хүмүүнлэгийн түр завсарлага авахыг энэ тогтоолд уриалсан байна. Мөн Хамас-ын барьцаанд байгаа бүх хүмүүсийг нэн даруй, үг дуугүй чөлөөлөх шаардлагатайг цохон заажээ.

Сүүлийн нэг сарын туршид Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар  15 гишүүнтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа амжилттай тогтоол баталсан нь Мальт улсын санаачилсан энэ тогтоол болж байна. Гэхдээ Аюулгүйн зөвлөл дэх хориг тавих эрхтэй АНУ, Их Британи, Орос гурван улс түдгэлзэж, бусад 12 гишүүн дэмжсэн санал хураалгажээ.

Үүнээс өмнө Аюулгүйн зөвлөл Хамас-ын дайтагчид Израилд халдаж, 1200 хүний аминд хүрч, 5400 гаруй хүнийг шархдуулан 240-өөд хүнийг барьцаалсан 10 дугаар сарын 7-ны өдрөөс хойш 4 ч удаа тогтоол батлах оролдлого нь талаар болсон юм. Аюулгүйн зөвлөл дэх гол санал зөрөлдөөн “хүмүүнлэгийн түр зогсолт хийх” болон “гал зогсоох” гэдэг хоёр ойлголт дээр мухардалд орж байна. Түр зогсолт нь дайтагч талууд хоорондоо зөвшиж тохирдог “гал зогсоох” ойлголтыг бодвол илүү албан бус, бас харьцангуй богино цаг хугацааг илэрхийлдэг гэж тооцогдож байгаа.  АНУ “түр зогсолт” хийх талд байгаа бол, Орос гал зогсоохын төлөө байр суурь илэрхийлж байгаа. Энд олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, тэр дундаа энгийн хүн ам, ялангуяа хүүхдүүдийг хамгаалах шаардлага орсон байна. Мөн Газын зурвасын энгийн хүн амыг амьд үлдэхэд шаардлагатай үндсэн хэрэгцээг нь таслан хаахгүй байж, хүмүүнлэгийн тусламж оруулах, тусламжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Тэгвэл Израил улс харин НҮБ-ын АЗ тогтоолыг “бодит байдалтай авцалдаагүй” хэмээн тодорхойлж, ХАМАС-ын эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар Газын зурвасын хамгийн том аль-Шифа эмнэлгийн дотор израилын цэргийнхэн нэгжлэг хийж Хамас-ын зэвсэг, цэргийн хэрэгслүүд олж илрүүлсэн гэж мэдээлсэн. Америкийн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мөн аль-Шифа эмнэлгийг Хамас бүлэг цэргийн зорилгодоо ашиглаж байсан гэдгийг нотлон мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Кирби жинхэнээсээ эмч, өвчтөнүүд байрлаж байгаа энэ эмнэлгийг аль болох хамгаалах ёстой гэдгийг тэмдэглэж, энгийн хүн амд хамгийн бага хохирол учруулах ёстой гэдэг шаардлагыг АНУ Израилд тавьж байгааг давтан мэдэгдсэн байна. Үүнээс гадна Аль-Шифа эмнэлгийн эрчимт эмчилгээнд байсан 63 өвчтөний 43 нь буюу 70 хувь нь хүчилтөрөгч тасарсны улмаас нас барсан тухай америкийн ABC ньюз телевиз энэ эмнэлгийн эмчээс иш татан мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхээс татгалзаж байна  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй