
Израилын хүчнийхэн Газын зурвасын өмнөд бүсэд ажиллагаагаа тэлэх үүднээс эндэхийн хамгийн том Хан Юнис хотоос гарч явахыг хүмүүст анхааруулж эхэлсэн байна.
Израилын дайралтууд эхлээгүй байх үед 400 мянгаад хүнтэй байсан Хан Юнис сууринд одоогийн байдлаар Газын зурвасын бусад бүсээс дүрвэж очсон нэг сая гаруй хүн байгаа юм байна.
Израилын талаас аюулгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан энэ бүс нутагт өчигдрийн туршид байгаа газраа нэн даруй орхин явах анхааруулга бүхий хуудас тараажээ.
Мөн Газын зурвас даяар түлшний нөөц шавхагдсанаас тог цахилгаан, цаашлаад холбоо харилцаа, интернэт бүрэн тасарсан, Рафах боомтоор хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажил мөн үүнээс үүдэж саатсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
“Ройтерс”-ийн мэдээгээр Израилын хүчнийхний тарааж байгаа хуудсууд нь хүмүүсийг нэн даруй байгаа газраа орхиж түр хуарангууд руу шилжин байрлахыг уриалсан агуулгатай байна.
Мөн алан хядагчдын ашиглалт дахь бүх байшин, байгууламжид цохилт өгөх учир ойр орчимд нь байгаа хэн бүхний амь нас эрсдэлд орох болно гэж анхааруулжээ.
Хан Юнис суурингийн дэвсгэр нутаг дахь майхант хотхонууд, эмнэлгүүд болон сургуулиудын байруудад орох оронгүй болсон олон мянган хүн толгой хоргодож байгаа юм байна.
Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Газын зурвасын хойд хэсэгт газрын ажиллагаа эхлүүлэхийн өмнө Израил мөн ийм хуудсууд тарааж байжээ.
Үүний өмнө Израилын БХХ-ийхэн Газын зурвасын хойд бүсийн хамгийн том Газа хотын баруун хэсгийг бүрэн хяналтандаа авсан, дараагийн шатны газрын ажиллагаа нь эхлэхээр болсон гэж Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгдсэн.
Мөн тэрбээр Аль-Шифа эмнэлгээс “Хамас” бүлгийн удирдлагын төв, зэвсгийн агуулах, зэвсэг, дайтагчдын хувийн хэрэгсэл сэлт зүйлс олж илрүүлсэн, мөн алан хядагчдын ашигладаг хонгил руу гардаг гарцыг олсон гэж мэдэгджээ.
“Хамас” бүлэг харин эмнэлгийн байрнаас зэвсэг олдсон талаарх Израилын дүрс бичлэгийг “хуурамч” гэсэн бол, Газын зурвасын ЭМЯ мөн эмнэлгийн дотор дайтагчдын бааз байсан гэдэг нотолгоог үгүйсгэжээ.
Үүнээс гадна Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Америкийн СВS телевизэд ярилцлага өгч, "Хамас"-ын барьцаан дахь хүмүүсийн заримыг Аль-Шифа эмнэлгийн дэвсгэр газарт агуулж байсныг “илтгэх баримтууд” олдсон тухай ярьсан, улмаар Израилын цэргийнхэн Аль-Шифа эмнэлгийн ойролцоогоос "Хамас"-ын барьцаанд байсан 65 настай эмэгтэйн, мөн дараа нь Израилын эмэгтэй цэрэг Ноа Марсианогийн цогцсыг олсон гэж мэдээлсэн.
Биньямин Нетаньяху тэрчлэн Израил улс энгийн иргэдийг хохироохгүйн төлөө анхааруулах хуудсууд тараахаас авахуулаад боломжтой бүхнийг хийж байгаа боловч гарз хохирлыг багасгах оролдлогууд нь “үр дүнд хүрэхгүй” байгааг мэдэгдсэн байна.
Израилын бөмбөгдөлт, хуурай замын ажиллагааны улмаас Газын зурваст амь эрсэдсэн хүний тоо 11500-аас давсан, тэдний 4700 гаруй нь хүүхэд байгааг Газын зурвасын ЭМЯ мэдэгдэж байгаа. НҮБ энэ тоо баримтыг баттай гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Ийнхүү аравдугаар сарын 7-нд "Хамас" бүлэглэл Израилд халдаж, энгийн иргэд голдуу 1200 хүний аминд хүрч, мөн 240-өөд хүнийг барьцаалсны хариуд Израилын явуулж байгаа цэрэг дайны ажиллагааны гол хохирлыг Палестины энгийн ард иргэд үүрч байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Израил улс Газын зурвасын өмнөд бүсээс хүмүүсийг гарч явахыг анхааруулав | ||
Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.