Шууд Chart

Европын холбоо экологийн гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгана

2023-11-18 13:38:22

Европын холбоо болон Европын парламент Брюссельд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн жагсаалтыг өргөжүүлж, тэдгээрт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тохирсон байна.

Энэ хүрээнд тухайлбал, байгаль экологийн эсрэг санаатай гэмт хэрэг өдүүлж, хүний амь нас хохироосон этгээдүүдэд одоогоос Европын холбооны гишүүн бүх улсад 10 хүртэл жилийн хорих ял оноохоор тохиролцоонд хүрснийг "ДПА" агентлаг мэдээлсэн байна.

Харин компани аж ахуйн нэгж хүрээлэн байгаа орчны эсрэг хүнд гэмт хэрэг өдүүлэх нөхцөлд нийт эргэлтийн хөрөнгийн 5-аас доошгүй хувийн буюу 40 саяас доошгүй еврогоор торгох шийтгэл оногдуулах юм байна.

Харин хөнгөвтөр гэмт хэрэг зөрчилд оногдуулах шийтгэл аж ахуйн нэгжийн нийт эргэлтийн хөрөнгийн 3 хувь эсвэл 24 сая еврогоос эхлэх нь байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувь хүн, хуулийн этгээдэд мөн хүрээлэн байгаа орчныг байсан төрхөнд оруулж нөхөн сэргээх, эсвэл учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж болохоор тохирч байна.

Үүнээс гадна тухайн компани аж ахуйн нэгжид төсвөөс санхүүжилт олгох боломжийг хаах, төрөөс олгосон лиценз зөвшөөрлүүдийг цуцлах зэрэг арга хэмжээг тусгажээ.

Мөн хууль бусаар мод бэлтгэл явуулж улмаар хууль бус худалдаа эрхлэх, байгаль экологид халтай машины эд ангийг хууль бусаар ашиглах болон ашиглалтын журмыг гажуудуулах, мөн байгальд хортой химийн бодисууд ашиглах гэхчилэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн жагсаалтыг 18 зүйл болгон өргөжүүлжээ.

Экологийн гэмт хэрэг ноцтой, мөн ашиг орлого ихтэй, тэр хэрээрээ тооны хувьд чамгүй нэмэгдэж байгаа гэдгийг Европын Холбооны хүрээлэн байгаа орчны асуудал эрхэлсэн комиссар Виргиниюс Синкявичюс Брюсселийн баталсан шийдвэртэй холбогдуулж ярьсан байна.

Энэ салбарт одоо үйлчилж байгаа хориг хязгаарлалт хангалттай үр дүнтэй биш байна гэдэг шинжээчдийн дүгнэлт гарснаас үүдэж, анх 2021 оны сүүлээр энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах саналыг Европын комисст өргөн барьж байжээ.

Дээрх бүх шинэ журмыг Европын холбооны зөвлөл болон Европын парламентын өргөтгөсөн хуралдаанаас албан ёсоор батлах ёстой.

Энэ нь гэхдээ шийдвэрийг албажуулах төдий арга хэмжээ гэдгийг “Дойче велле” дурдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо экологийн гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгана   
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй