
Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэх шийдвэр хойшлогдож магадгүй байна.
Европын холбооны өндөр тушаалын төлөөлөгчөөс иш татан "Ройтерс" энэ тухай мэдээлжээ.
Энэ оны 12 дугаар сард Брюссельд болох Европын холбооны улсуудын удирдагчдын уулзалтаас ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа.
Гэвч зарим улс асуудлыг ирэх оны гуравдугаар сар руу хойшлуулах саналтай байгааг тэр эх сурвалж "Ройтерс"-т мэдээлсэн байна.
Ийм байр суурь илэрхийлж байгаа улсуудын тоонд Унгар, Австри, Франц зэрэг улс байгаа талаар “И-Ю обзервер” портал мөн Европын холбооны албан эх сурвалжид тулгуурлан уламжилжээ.
“Ройтерс”-ийн мэдээлснээр Украины Европын холбоонд элсэх боломжийг үнэлэх дахин нэг боломж нь 2024 оны гуравдугаар сард төлөвлөгдсөн байна.
Украинаас гадна Босни Херцоговин, Молдав улсуудыг Европын холбоонд элсүүлэх, харин Гүрж улсад элсэхээр нэр дэвшигч улсын статус олгох асуудлаар хэлэлцээ эхлүүлэх зөвлөмжийг Европын комисс энэ сарын 8-нд Европын холбооны зөвлөлд хүргүүлсэн юм.
Гэхдээ хэлэлцээ эхэлснээр Европын холбооны эгнээнд Украиныг элсүүлэхэд тодорхой хугацаа тогтоохгүй. Тухайлбал, Турк улсын тухайд энэ үйл явц нь 18 жил гарны туршид үргэлжилж байгаа хэдий ч ойрын ирээдүйд шийдэгдэх төлөвгүй байгааг ажиглагчид дурджээ.
Үүний зэрэгцээ Украиныг Европын холбоонд элсүүлэхийг эсэргүүцэгч гол улс Унгарын Засгийн газар Баасан гарагт өөрийн иргэдийн дунд Украинд Европын холбооноос илүү төсөв хуваарилах, эсвэл гишүүнчлэл олгох нь зүйтэй эсэх талаар асуулга тараасан байна.
Үүнийг Ерөнхий сайд Виктор Орбаны өөрийн талд дэмжлэг эрэлхийлэх оролдлого гэж шинжээчид үзэж байна.
Учир нь бие даасан төвийн судалгаагаар Виктор Орбаны тэргүүлдэг эрх баригч “Фидес” намын дэмжлэг өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 5 пунктаар унасан дүнтэй гарсан.
Энэ нь Унгар улс Европын холбооны хэмжээнд хамгийн өндөр инфляцтай, эдийн засаг нь мөн уналтад орсон байгаагаас үүдэлтэй байна.
Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлаарх хэлэлцээ эхлэх нь хойшилж магадгүй | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.