
Газа хотын хамгийн том “Аль-Шифа” эмнэлгийн байранд Израилын хүчнийхэн "Хамас"-ын удирдлагын төв хайсан боловч юу ч олоогүй гэж энэ эмнэлгийн эмч мэдээлжээ.
Израилын цэргүүд Лхагва гарагт тус эмнэлгийн бүсэд нэвтэрч хэд хэдэн байрыг нь хяналтдаа авсан. Тэд өчигдөр эмнэлгийн ойролцоогоос “Хамас”-ын барьцаанд байсан нэг израил цэргийн цогцсыг илрүүлсэн гэж мэдээлж байгаа юм.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Пүрэв гарагт Америкийн "Си-Би-Эс" телевизэд барьцааны хүмүүсийг эмнэлэгт байлгаж байсныг илтгэх “баттай ул мөрүүд” олдсон гэж ярьсан.
Израилын Батлан хамгаалах хүчний албаныхан мөн өчигдөр Газа хотын бусад эмнэлэгт “Хамас”-ын дайтагчид байсан гэж мэдээлжээ.
Улмаар нэг эмнэлгийн зоориноос олдсон гэх нэг мотоциклийг бичлэгээр харуулж, уг мотоциклоор “Хамас”-ынхан барьцааны хүмүүсийг зөөж байсан гэж мэдэгдсэн байна.
“Хамас” бүлгийн зүгээс эмнэлгүүдийг цэргийн зорилгод ашиглаж байсан гэдэг нотолгоог үгүйсгэжээ.
Олон улсын мэдээллийн агентлагууд өчигдөр "Аль-Шифа" эмнэлгийн даргатай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл авснаа уламжилж байна.
Тэр эмч “Тэд эмнэлгээс юу ч олоогүй. Нэг ч дайтагч эндээс гараагүй. Эмнэлгийн бүсэд нэг ч буудалцаан болоогүй” гэж ярьсан байна.
Үүний зэрэгцээ Израил ухрах төлөвгүй, дайралтаа улам тэлж өргөжүүлнэ гэж батлан хамгаалах армийн төлөөлөгч нь өчигдөр мэдээлсэн байна. Тэрбээр “Хамас”-ын аль байгаа газарт, тэр дундаа Газын зурвасын өмнөд бүсэд” ажиллагаагаа тэлж өргөжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгджээ.
Энэ зуур Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл улам хүндэрч, Израилын цэргийн ажиллагаа олон улсад улам хүчтэй шүүмжлэл дагуулсаар байна.
Израилын дайны үеийн Засгийн газар өчигдөр Газын зурвасын ус сувгийн системийг дэмжих үүднээс хоногт түлш ачсан хоёр машин оруулж байхаар болсныг мэдэгджээ. Мөн энэ нь Вашингтоноос тавьсан хүсэлтийн дагуух шийдвэр гэдгийг дурдсан байна.
Энэ зуур НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар "Аль-Шифа" эмнэлгийн талаарх хоорондоо зөрчилтэй мэдээллүүдийг нягтлах багийг нь Газа руу нэвтрүүлэхийг Израилд уриалжээ.
“Бид байдалтай биеэр танилцах шаардлагатай. Ийм нөхцөлд хүрсэн үед бид аль нэг талын мэдээлэлд найдаж суух аргагүй. Мөн бидэнд өөр мэдээллүүд байгаа учраас олон улсын бие даасан мөрдөн шалгалт явуулахыг нөхцөл байдал шаардаж байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк “Хамас”-ын дайтагчид эмнэлэгт зэвсэг нууж байсан гэдэг Израилын цэргийнхний нотолгооны талаарх "Си-Эн-Эн"-ий сэтгүүлчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
Ройтерс: Израилын хүчнийхэн "Аль-Шифа" эмнэлгээс “юу ч олоогүй” гэж эмч мэдэгдэв | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.