
Өчигдөр шөнө Газа хот дахь Аль Шифа эмнэлгээс инкубаторт байсан дөнгөж төрсөн 31 нярайг өмнөд хил дээрх Рафах хотын амаржих газарт шилжүүлжээ. Эмч нарын хэлснээр нярай хүүхдүүд бүгд халдварт өвчинд өртөж, эрүүл мэнд нь хүнд байна гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталлаа. Тэднээс 11 нярайн биеийн байдал онц ноцтой нөхцөлд байна гэдгийг мөн тодруулж байна. Израилын дайралтын улмаас эмнэлгийн хангамж дуусаж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг халдвараас сэргийлэх вакцин, эм тан хүрэлцээгүй байсан тул ийм нөхцөл байдалд хүрлээ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага тодорхойлсон байна.
Одоогийн байдлаар нярай хүүхдүүдийн биеийн байдлыг тогтворжуулахын тулд тогтмол шинжилгээ хийж, шингэн залгаж, шаардлагатай эм танг өгч байгаа ч Газын зурвас руу түлш орж ирэхгүй байгаа тул хэзээ мөдгүй Рафах хотын эмнэлэг ч тог цахилгаангүй болж, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна гэж эмнэлгийн зүгээс мэдэгдэж байна. Нярай хүүхдүүдийг Аль Шифа эмнэлэгт харж хандаж байсан 6 эмч, гэр бүлийнх нь 10 хүнийг мөн нярай хүүхдүүдтэй хамт нүүлгэн шилжүүлжээ. Израил-Хамасын дайн ширүүн өрнөж байгаагийн улмаас асран хамгаалагчийг нь тогтоож чадаагүй нярай ч олон байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дурдаж байна.
Одоогийн байдлаар Газын зурваст амиа алдсан Палестин иргэдийн тоо 12300-д хүрсэн, үүнээс 5000 нь хүүхэд байжээ. Хамасын барьцаанд 240 хүн байгаа гэж тооцоолж байгаа. Өнгөрсөн Бямба гарагт барьцааны 50 хүнийг суллахаар дайтагч талууд тохирсон гэдэг мэдээлэл тархсан ч Израилын ерөнхий сайд Биньямин Нетаняху энэ мэдээллийг худал цуурхал гэж няцаасан байна. Газын зурвасын умард хэсэг дэх Газа хотыг эзлэн авсан байгаа Израилын батлан хамгаалах арми Газын зурвасын өмнөд рүү хуурай газрын довтолгоогоо тэлэх бодлоготой байгаагаа мэдэгдсэн байна. Харин Газын зурвасын өмнөд хэсэгт байгаа иргэд яаралтай нүүн шилжих хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна. Израилын батлан хамгаалах арми довтолгоогоо улам тэлэх төлөвлөгөөтэй байгаа энэ үед Газа хотын Аль Шифа эмнэлэг “үхлийн бүс” болжээ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тодорхойлжээ.
Израилын батлан хамгаалах хүч зэвсэгт Хамас бүлгийг Аль Шифа эмнэлгийг гол байршлаа болгож, барьцааны хүмүүсийг хорьж байгаа гэдэг үндэслэлээр өнгөрсөн хугацаанд бөмбөгдөж, нэгжлэг хийсэн. Мөн энэ эмнэлгээс олон тооны галт зэвсэг, урхи тавьсан тээврийн хэрэгсэл олсноо мэдэгдсэн. Эмнэлгийн ойролцоогоос барьцааны иргэний цогцсыг олсноо ч зарласан. Үүнийгээ батлах зорилгоор анх Хамас бүлэг гэнэт халдан довтолсон 10-р сарын 7-ны өдөр энэ эмнэлэг рүү барьцааны хүмүүсийг хүчээр авч орж байгааг харуулсан Аль Шифа эмнэлгийн камерын бичлэгийг өнөө өглөө олон нийтэд цацлаа. Камерын бичлэгт нэг Тайланд хүн, нэг Непал хүний дүрс хадгалагдсан байна. Израилын батлан хамгаалах армийн зүгээс энэ бичлэгийн хаанаас яаж олсноо тодруулсангүй. Харин Хамасын зүгээс энэ бичлэгийн үнэн бодит эсэхэд эргэлзэж байна гэсэн мэдэгдэл гаргаж, хэрвээ үнэн бодит бичлэг бол эмнэлгийн байгууллагад бэртэж гэмтсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх нь ойлгомжтой хэрэг гэсэн нэмэлт тайлбарыг өгчээ.
ДЭМБ: Аль-Шифа эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн нярай хүүхдүүдийн биеийн байдал хүнд байна | ||
Үзсэн: 4157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.